АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден Тайваньд цэргийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан БНХАУ эсэргүүцэл илэрхийлснийг тус улсын Гадаад Хэргийн Яамнаас мэдэгдэл хийв.
Мэдэгдэлд, “Хятадын тал сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, АНУ-д холбогдох шаардлага хүргүүлсэн” хэмжээн дурджээ.
Мөн, тус мэдэгдэлд АНУ-аас Тайваньд үзүүлж буй цэргийн тусламж бол “Нэг Хятад” зарчмыг зөрчиж, БНХАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлын ашиг сонирхолд халдаж, АНУ-ын удирдагчдын Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн амлалтын эсрэг үйлдэл, мөн салан тусгаарлах хүчнүүдэд өгч буй буруу дохио” хэмээн онцолжээ.
Үүний зэрэгцээ, БНХАУ-ын зүгээс АНУ-ыг Тайванийг зэр зэвсгээр хангах, Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй үйлдлээ нэн даруй зогсоохыг уриалав.
“БНХАУ үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах болно” хэмээн ГХЯ-ны мэдэгдэлд мөн онцолжээ.
Өмнө нь, Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Энтони Блинкенд Тайваньд батлан хамгаалахын бүтээгдэхүүн, үйлчилгээ, мөн цэргийн боловсрол, боловсон хүчний сургалтад зориулан АНУ-ын Батлан Хамгаалах Яамны нөөцөөс 571.3 сая америк доллар хуваарилах үүрэг өгсөн юм.
Эх сурвалж: Interfax