Хоронзон гишүүн гэх дүрийг бидний хэзээний танил мэт болтол хоногшуулж буй түүнийг Д.Дөлгөөн гэдэг. СУИС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн тэрээр мэргэжил нэгт үеийн залуустайгаа хамтран видео контент хийн цахим орчинд нийтлэх болжээ. Тэрээр “Бид контент хийхдээ зөвхөн хэн нэгнийг доромжилж эсвэл инээлгэхийг зорьдоггүй. Харин биднийг төрд төлөөлж байгаа тэр хүмүүсийн чухал шийдвэрүүдэд олон нийтээрээ анхаардаг байгаач, тэр хүмүүсийн хийж байгааг үнэлж дүгнэх хэмжээний ойлголттой байгаа ч гэдэг үүднээс хөнгөн хөгжилтэй байдлаар санаагаа хүргэдэг” хэмээн онцолсон юм.
ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ҮЗЭЖ БАГА Ч БОЛОВ ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛСАНДАА БАЯРЛАДАГ
Намайг Д.Дөлгөөн гэдэг. Та бүхний мэддэгээр контент бүтээгч. 2022 онд Соёл урлагийн их сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. Чойнхорын Найданддорж гэдэг хүний шавь. Төгссөнөөсөө хойш МҮОНРТ-ийн Өглөөний хөтөлбөрт асент найруулагч, Монголын радиод нэвтрүүлэгч, NTV телевизэд эвлүүлэгч зэрэг ажлууд хийж байсан. Өөрөө жүжиглэх дуртай учир видео контент хийе гэж шийдээд үеийн залуустайгаа хамтран контент хийж эхэлсэн дээ. Удаан, тууштай ажиллаж чадаагүй ч олон гайхалтай хүмүүсээс бага сага зүйлс сурсан минь өнөөдөр ямарваа нэг зүйл хийхэд надад маш их хэрэг болж байна.
ЯНЗ БҮРИЙН ДУРД ХУВИРСАН Ч ХҮМҮҮС НАМАЙГ ХОРОНЗОН ГЭДГЭЭР Л ХҮЛЭЭЖ АВСАН
Анх контент хийж эхлэхдээ хадам ээж, найз охин гээд янз бүрийн дүрд хувирч байсан. Харин Хоронзон гишүүн гэдгээр хүмүүс илүү мэддэг. Энэ дүрээрээ олон контент хийсэнтэй холбоотой байх. Гудамжинд явж байхад зарим хүмүүс хөөрхөн ёжтой контент хийдэг шүү, сайн жүжиглэдэг шүү гээд л хэлдэг. Зарим нь чи жаахан хараал энэ тэр хэлээд байгаа шүү болиорой, уг нь хөөрхөн гэхдээ сэдэв чинь арай л өнгөц байна гэх мэтээр хэлдэг аль алинаас нь л урам зориг авдаг.
-Хоронзон гишүүн Учралыгаа яасан юм бэ?
Учрал маань өөрийнхөө хувийн ажлыг хийгээд явж байгаа. Анх Senso энтертайнмент-аа хамт байгуулаад олон гоё контент хийсэн. Надад ажлын санал ирээд бид салсан гэх үү дээ. Одоо буцаад энтертайнментаа байгуулаад найзаа хүрээд ир ээ. Хамт ажлаа хийе, чиний орон зай дутагдаад байна гэж хэлсэн. Учка-гаа хамт ажиллахаар ирээсэй л гэж хүсэж байна. Маш сайхан зүйлсийг ярьж төлөвлөж бид хамт эхэлж байсан шүү дээ. Найз маань өөрөө шийдвэрээ гаргах байх аа.
КОНТЕНТ ХИЙЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ДИЙЛЭНХ ХҮМҮҮС МЭДЭЭЛЛЭЭС МАШ ХОЛ БАЙДГИЙГ ОЙЛГОСОН
Контент хийж эхлээд доор нь бичиж байгаа сэтгэгдэлүүдийг хараад гайхдаг байсан. Намайг жинхэнэ УИХ-ын гишүүн гэж бодож бичлэг доор маань сэтгэгдэл бичдэг хүмүүс байдаг гэж бодохоор л харамсалтай санагддаг. Одоо бол контентуудаа өөрт нөлөөлөх мэдээлэлдээ ойр байгаарай, та нар ер нь биднийг төлөөлж шийдвэр гаргаж байгаа хүмүүс юу хийгээд байгааг мэдэж байна уу? гэдгийг давхар олон хүнд хүргэх зорилготойгоор бичлэгүүдээ хийж байна. Залуу, туршлага багатай хүмүүс контент бүтээгээд явж байна зарим үед алдаа дутагдалтай зүйл байгаа. Үүнийг маань ойлгоорой. Сайн судлаад илүү туршлагатай болоод ирэхээрээ илүү чанартай контентуудыг хийнэ гэж зориод бага багаар сайжраад явж байгаа.