Жил бүрийн 12 дугаар сарын дунд үе бол маш сэтгэл догдлуулсан, спортын амжилт, ялалтаа дүгнэсэн, баярлаж хөөрсөн өдөр тохиодог. Учир нь Монголын Үндэсний Олимпын Хорооноос жил бүр спортын салбарын оны “Шилдэг”-үүдээ тодруулдаг уламжлалтай. Уг арга хэмжээг 2003 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж байна.
2024 оны 12 дугаар сарын 19-ны өдөр спортын салбарын “Бөртэ чоно” оны шилдгүүд албан ёсоор тодорлоо. Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо гээд салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.
“Бөртэ чоно” ёслолын арга хэмжээтэй давхцан 12 дугаар сарын 19-ний өглөөхөн хүндийг өргөлтийн дэлхийн аварга, хошой мөнгө, хүрэл медальт, МУГТ М.Анхцэцэг их спортоосоо зодог тайлж буй явдал байв. Хүндийг өргөлт хэмээх эмэгтэй хүнд ахадсан энэ л спортын төрлөөр тэр л цагт зуны олимпын наадамд эх орноо олимп, тив дэлхий, Ази, олон улсын хэмжээнд мөн ч олон жил МУГТ Н.Баярмаа тахалсан даа.
Спорт бол цаг хугацаа болон тамирчны бүх зүйлээ дэнчин тавьсан амьдралынх нь “тангараг”. Тэд нэгэн цаг үед босоо байж, зөвхөн хувь тамирчны бус Монгол улсын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн хөдөлмөрлөдөг.
Хүндийг өргөлтийн спортын өдгөө цагийн босоо аварга, супер охин М.Анхцэцэг баяр хөөртэй өдрийн гол “од” нь байлаа.
Тиймээ, Анхаа чи үнэхээр Монгол улсын төлөө зүтгэсэн шиг зүтгэж, үзэгч фэнүүд нийт Монголчуудаа төдийгөөс өдий хүртэл бүх л цаг үед “дүүрэн” байлгаж чадсаан.
Тамирчин бүрийн цусны үнэтэй хөлс, асгарсан их хүч, спортод зориулсан тэр л цаг мөч, хором бүр маш үнэ цэнтэй. Үүнийг зөвхөн дэргэдээс нь хамтдаа зогсож буй дасгалжуулагч, баг хамт олон, гэр бүл, аав ээж, хань ижил, энхрий үрс, найз нөхөд л чин сэтгэлээсээ ухаж ойлгоно.
Битүүхэндээ энэ супер тамирчнаараа бахархан биширч бодох ахуйд нөгөө талдаа одоо Монголчууд бид олимп, тив дэлхийд хэн гэдэг тамирчнаа дэмжих билээ хэмээн хөнгөхөн гуниг төрснөө нуух юун. Ер тэгээд чадалтай, хүчтэй, бяртай, цагийн цагт шилдэг байдаг тамирчны тэр их өгөгдөл цусанд нь байдаг юм шигээ.
Олон олоон жил Монгол улсынхаа нэрийг Хүндийг өргөлтийн спортод даацтай, басхүү нэр хүндтэй, хариуцлагатайгаар авч явж ирлээ. Итгэл найдвар алдаагүй Анхаадаа, төрмөл шилдэг тамирчин бэлтгэх их үйлсэд зүтгэж яваа МУГД Ц.Хосбаяр, Монголын Хүндийг өргөлтийн холбооны хамт олон, үндэсний шигшээ багийханд баяр хүргэе. Бас дахин дахин баярлалаа.
“Дүүрэн байсаар дэвжээнээс бууж буй даян аваргын дайтай охин минь, Дүүлэн дүүлэн эрх дураараа нис дээ”. Баярлалаа.
“Бөртэ чоно” 2024 арга хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад хөтөлбөрийн цар хүрээ өргөн, онцлогтойгоор болж өндөрлөв. “Тэнгэр телевиз” хоёр дахь жилдээ уг ёслолын арга хэмжээг шууд дамжуулан үзүүллээ.
-Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар Жүдо бөхийн “Парис-224” олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү тодорч шилжин явах цомыг гардан авлаа.
-Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Л.Анхзаяа /жүдо бөх/
-Шилдэг тамирчин Т.Тулга /чөлөөт бөх/
-Шилдэг тамирчин Б.Сэр-Од /хөнгөн атлетик/
-Шилдэг тамирчин М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
-Шилдэг тамирчин С.Цэрэнчимэд /чөлөөт бөх/
-Шилдэг баг 3Х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг
-Шилдэг залуу тамирчин Т.Ариунзаяа /жүдо бөх/
Паралимпын шилдэг тамирчин У.Сүрэнжав /таеквондо/
Шилдэг шүүгч
Л.Одгэрэл /хүндийг өргөлт/
Ц.Цогтгэрэл /боксын холбоо/
Спортын шилдэг холбоо
Монголын Жюү Жицүгийн холбоо
Монголын Таеквондогийн холбоо
Монголын Гимнастикийн холбоо
Монголын Чөлөөт бөхийн холбоо
Монголын Жүдо бөхийн холбоо
Шилдэг дасгалжуулагч
Ц.Цогтбаяр /чөлөөт бөх/
М.Бундмаа /жүдо бөх/
Шилдэг спортын сэтгүүлч Ж.Цэцэгмаа
Олимпын шилдэг зүтгэлтэн Ц.Раднаа /хөнгөн атлетикийн ахмад тамирчин/
Шилдэг Олимпын зөвлөл Говьсүмбэр аймгийн “Антверпен” олимпын зөвлөл
Шилдэг олимпын танхим Нийслэлийн ЕБ-ын 69 дүгээр сургуулийн “Лондон 2012” олимпын танхим
Ийн “Бөртэ чоно” ёслолын арга хэмжээ 22 дахь жилдээ болж өндөрлөлөө.
Спортын салбарт үргэжид эх орныхоо бахдам нэрийн хуудас байсаар ирсэн тамирчин, дасгалжуулагч, энэ айлын бүх л гишүүдэд цаашдынх нь тэмцээн уралдаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. Айлчлан ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлье.