Ер нь аливаа улсын салбарт тэр дундаа спортын салбар яг аль түвшинд явж байгаа вэ гэдгээ Олон улстай харьцуулж байж л мэддэг. Энэ ч утгаараа гадны орнуудын туршлагаас бид суралцаж, мэдэх хэрэгтэй. Иймээс ч усыг нь ууж, ёсыг нь дагана гэдэгчлэн тухайн улс орны спортын гал тогоонд чанагдаж, их зүйлийг сурч мэдэж аваад эх орондоо эргэн ирж нутагшуулах нь маш чухал.
Одоо үед Монголын багийн спортын лигээр дамжуулан легионер тоглогчдыг эх орондоо урин авчирч тоглуулах болсон нь сайшаалтай. Үүнийг дагаад тамирчдын ур чадвар ахина, хэл ус ч сайжирна.
Харин Монгол улсаас тамирчид гадны улс орныг зорин очиж, өөрийн нүдээр үзэн, багт нь нэгдэн, нэг эд эс болох нь буцаад манай улсад цаашлаад өсвөрийн тамирчид, дараагийн залгамж халаа болсон хүүхэд, багачуудад өндөр ач холбогдолтой.
Тэгвэл 14 настайгаасаа волейболын спортын “Ноён” клубт харьяалагдан “Ментонет говь” клубын ахлах дасгалжуулагч Р.Тамирын удирдлага дор хичээллэж эхэлсэн Ц.Мөнх-Оргилтой бид уулзан цөөн хором ярилцлаа. Түүний хувьд 2023-2024 оны өвөл Канад улсын Торонтогийн их сургууль руу материалаа илгээн “тэнцсэн” гэдэг хариугаа хавар авчээ. Ингээд өнгөрөгч зун тус сургуулийн волейболын лигийн багийн ахлах дасгалжуулагчийн эмайлыг өөрөө хайж олон захидал илгээснээр энэ оны 9 дүгээр сард тус улсын нээлттэй сургуулийн сонгон шалгаруулалтад амжилттай оролцон багтаа, мөн сургуульдаа ч тэнцэж чаджээ. Одоо тэрбээр Канадын Торонтогийн их сургуулийн волейболын Varsity blues багт тоглодог.
Ц.Мөнх-Оргил 14 наснаасаа эхлэн “Ноён” клубт Р.Тамираа дасгалжуулагчийн
удирдлага дор волейболын спортоор хичээллэж эхэлжээ
-Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Хэрхэн яаж Канад улсын томоохон сургуулийн багт нэгэн эд эс болж багтаж чадав?
-Сайн байна уу? Канад, Америкийн хувьд мэргэжлийн лиг гэж манай Монгол шиг лиг огт байхгүй. Хамгийн том лиг нь “Оюутны лиг”. Ямар ч тамирчин бай, хэдэн ч хичээл үзсэн гол нь нэг ч хичээл дээрээ тухайн улирлын семистр дээрээ муу үзүүлэлт өгч, шалгалтандаа бүдрэх ёсгүй. 50-иас доош оноо авч болохгүй, хэрвээ тэгвэл дараагийн улиралд лигтээ “бүтэн тоглохгүй” эрхээ хасуулдаг журамтай.
-Тэгэхээр тухайн оронд дүрэм журам маш хатуу чанга байхнээ. Мөн тамирчдын амжилтаас гадна боловсролыг нь хэзээ ч орхигдуулдаггүй байх нь чухал юм байна?
-Тиймээ. Оюутан тамирчин зөвхөн спортдоо анхаараад, хичээлээ орхигдуулж болохгүй. Хамтад нь авч явах ёстой. Энэ бол тамирчны хамгийн нэн тэргүүний үүрэг, хариуцлага байдаг.
-Одоо Канадын багтаа ямар байрлалд тоглож байна вэ? Танай багийг тоглочгдын өндөр хэд вэ?
-Би 19 настай, миний байрлал гэвэл би өндрийн довтлогчоор тоглодог. Манай багийн тоглогчид 1.97-оос 2.10, түүнээс дээш өндөртэй. Ер нь Канадын хүмүүс их өндөр биерхүү бас биеийн хөгжил ч маш сайн. Ерөнхийдөө өндөр хүмүүс олон, бүгдээрээ хүчтэй, хурдтай, атлетик чанар сайтай санагдсан.
-Канадын лигт тоглоод хэдэн сарыг үдэж байгаа ч эх орондоо нутагшуулах, үүнийг л хэрэгжүүлэх, арга барилаас нь суралцах юмсан гэж бодогдсон зүйл?
-Канадын лигээс анзаарсан зүйл гэвэл тоглолтын арга барилаас суралцмаар юм шиг санагдсан. Бэлтгэлийн үед шаардагддаг тоног төхөөрөмжүүд маш чухал. Бид бэлтгэл хийхдээ бээлий зүүж байгаад хуруу гараа гэмтээхгүйн тулд хаалт хийдэг. Яг Канад шиг манай улсад спортын тийм жижиг, сажиг хэрэглэл маш их хэрэгтэй. Мэдээж маш том заал хэрэгтэй. Хүчтэй давуулалтуудыг чанартай авахын тулд өндөр таатай заал хэрэгтэй. Тийм болохоор чанартай заал, тоног төхөөрөмжүүд хэрэгтэй юм байна гэж бодогдсон.
Монгол улсад Канад шиг бэлтгэлийн тоног төхөөрөмж сайтай болох хэрэгтэй
-Монгол тамирчид, Канад тамирчдын тоглолтын ялгаа юу вэ?
-Миний анзаарсан нэг зүйл нь Монголчууд ер нь сетиктэй маш ойрхон тоглодог. Ингэхдээ арын байрлалаас ер нь бага тоглодог. Харин Канадад болохоор эсрэгээрээ урдаас довтолж байхдаа сетикнээс маш зайтай, ерөнхийдөө нэлээд өндөр, араас маш хурдтай тоглодог. Араас болохоор маш хурдтай хөдөлгөөнтэй, тэгэж “нээлттэй” тоглодог юм билээ. Ерөөсөө ямар ч оноон дээр байсан ард, урдгүй зоригтой явж тоглодог.
-Танай багийн хувьд бүсэд мөн Канад улс дотроо чансаагаар хэддүгээрт бичигддэг вэ?
-Манай баг бүсэд 5-д, Канад улс дотроо эхний 10-т бичигддэг. Манай багт 15 тамирчин л байх ёстой. Харин миний аз гэх үү, сонгон шалгаруулалтаар 16 дахь тамирчнаар багтаа нэгдсэн. Манай багийнхан чи их азтай юмаа, сонгон шалгаруулалтаас үндсэн багтаа гадны орнуудаас хүн огт авдаггүй. Харин чи гадны орнуудаас тэр дундаа Монгол улсаас сонгон шалгаруулалтаар манай багт орж ирсэн “анхны тамирчин” болж байна гэсэн.
-Одоо Монголдоо амралтаараа ирчихсэн байгаа юу?
-Манай сургуулийн улирлын амралт эхэлчихсэн. Тэгэхээр дагаад лиг нь завсарлага авчихдаг. Он гараад удахгүй Канад руу буцна даа.
-Канадын тамирчдад мэргэжилтнүүд хэрхэн юуг зөвлөдөг вэ? Хоололт, сэтгэлзүй, биеийн хүчний бэлтгэл гээд л?
-Манай багт 4 эмч бий. Ер нь тухайн тамирчны бүх л зүйлийг маш чухалчилж авч үздэг. Өдөрт 6 удаа хооллох ёстой. Нойр маш чухал. Сэтгэлзүй өнөөдөр жаахан тиймхэн байх юм бол тамирчин, ахлах дасгалжуулагчдаа бодит үнэнээ хэлдэг. Тэгэхээр дасгалжуулагч тэрийг нь харгалзаж үзээд, бэлтгэлийн үеэрх ачааллыг арай бага өгдөг гэх юмуу?
Манай Монголд жимд хүчний бэлтгэл хийхээр өсөлтөд муу гэж яриад байдаг. Гэтэл тэнд эсрэгээрээ тэгдэггүй. 14 настайгаасаа авхуулаад бүгд фитнессээр хичээллээд эхэлдэг. Тэгэж байж биеийн хөгжил нь маш сайн “жигд” хэмжээнд явагддаг гэж үздэг. Харин тамирчин нэмэлт эрдсээр Д витамин маш сайн авах хэрэгтэй гэж зөвлөдөг.
Канадад тамирчны өсөлт, зөв бэлтгэлжилтийн түвшинд онцгой анхаардаг
-Волейболын спортод гадны оронд сонгон шалгаруулалтаар тэнцээд лигт нь өррсөлдөж байна. Энэ бол монголын тамирчдад маш том боломж бий гэж харахаар үүдийг өөрөө нээж өгчээ?
-Монгол тамирчид гадагшаа яаж явах, тийм арга замаа мэдэхгүйгээсээ болоод эндээ байгаад байгаа юмуу гэж би бас боддог. Нэг арга замыг нь олчих юм бол ер нь монгол тамирчид гадагшаа тоглоход бүрэн бүтэн потенциалтай гэж би харсан. Гадагшаа явахын тулд хамгийн гол нь гадаад хэл хамгийн чухал. Мөн тухайн оронд очсоны дараа үндэсний лигт нь багтаж чадаад тоглож байхад сургуулиа амжилттай төгсөх гол зорилго. Үүний дараа тамирчны замналаа үргэлжлүүлнэ гэж үзвэл Европын томоохон лигүүдэд зуучилдаг скаутууд гэж бий. Тэд том орнуудын лигт холбож өгдөг гээд л тамирчин хүн өөрөө л хичээх юм бол боломж бүрэн байгаа.
-Цөөн хором ч гэсэн ирээдүйн төлөвлөгөөгөө хэрхэн гаргахыг бодож суугаа залуу тамирчдад хэрэг болохуйц олон мэдээлэл өгсөнд баярлалаа. Цаашдынх нь зорилго юу вэ?
-Би сургуулиа амжилттай төгсөөд, мөн тамирчны замналаа цааш үргэлжлүүлэн 4-5 жил Канадад тоглоно гэж бодож байгаа. Үүний дараа Монголдоо ирээд юу сурсан, мэдсэнээ бусдадаа зааж өгөх болно.
Ярилцсанд баярлалаа.
Монгол улсаас Олон улсад мэргэжлийн тоглогчийн гараагаа эхлүүлсэн мэдээллийг танилцуулъя
-Эргэн сануулахад хөлбөмбөгийн спортоос Монголын анхны мэргэжлийн тамирны замналаа эхлүүлж байсан А.Мөрөн Тайландын “Краби Фс” багтай гэрээ байгуулж байв.
-Унгарын хөлбөмбөгийн Пушкаш академид Г.Ганбаяр гэрээ байгуулж мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа нээж байлаа.
-Монгол Улсын шигшээ багийн тамирчин Т.Санчир Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг болох PBA-д тоглох гэрээнд гарын үсэг зуран, гадны улсын мэргэжлийн Лигт тоглохоор болсон Монголын хоёр дахь сагсчин болж байсан билээ. Анхных нь сагсчин Ц.Шаравжамц бөгөөд тэрбээр 1995-1996 онд Словакийн Лигийн “Вахостав Жилина” багт тоглодог байв.
Монголын 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Хулан БНХАУ-ын дээд лигийн “Wuhan Cranes” багт албан ёсны гэрээ байгуулан тоглож буй. Түүний хувьд Монгол улсаас анхны легионер эмэгтэй тамирчин болж буй нь энэ юм.
-Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд одоогийн байдлаар Т.Пүрэвдорж БНСУ-ын оюутны волейболыг лигт тамирчнаар тоглодог.
-М.Уранбаяр БНСУ-ын оюутны лигт тоглох зорилготой тус улсыг зорьсон. Харин одоо хэлний бэлтгэлдээ явж буй ажээ.