Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ажиллах хүчний эрэлд “мордов”. Тэрбээр өнөөдөр /2024.12.19/ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” өргөн барилаа. Дээрх хуульд ямар, ямар өөрчлөлтүүдийг оруулахаар тусгасан талаараа ийнхүү тайлбарлав.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барилаа. Энэ хуульд ямар өөрчлөлтийг хийхээр тусгасан бэ гэхээр:
Монголд ажиллах хүчний хомстол бодитойгоор бий болсон. Ирэх онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Энд 280 мянган ажлын байр бий болно. Монгол Улсад жилд 30-40 мянган ажлын байрны хомстол бий болж байгаа. Гэхдээ өндөр цалинтай, өндөр бүтээмжтэй байдаг уул уурхайн салбар, банк санхүүгийн салбар, мэдээлэл технологийн салбарт гаднын ажиллах хүчний хязгаарлалт хэвээр үргэлжилнэ.
Гаднын ажиллах хүчин авах зөвшөөрөл авахдаа хоёр сар хүлээдэг байсан. Энэ мэт хуульчилсан хүнд суртлыг арилгаж, бүх зөвшөөрлийг цахим хэлбэрээр авах боломжуудыг нээсэн” гэлээ.