Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг зодог тайлж буйгаа зарласан. Өчигдөр /2024.12.19/ спортын салбарынхаа оны шилдгүүдээ тодруулсан ба М.Анхцэцэг “Шилдэг эмэгтэй тамирчин” болж, “Бөртө чоно” хүртсэн юм. Түүний баярыг сэтгэгдлийг хуваалцлаа.
-Өнөөдөр хэнд хамгийн их талархлаа илэрхийлмээр санагдаж байна вэ?
-Бүх хүнд талархал илэрхийлмээр санагдаж байна. Надтай зөрч өнгөрсөн, таарсан, мэндэлсэн, учирсан хэн бүхэнд баярлалаа. Өнөөдрийг хүртэл дэмжсэн нийт Монголынхоо ард түмэнд дахин, дахин талархлаа илэрхийлмээр байна.
-Хүүхэд ахуй наснаасаа сэтгэл зүрхээ зориулсан спортоо орхих шийдвэрийг гаргана амаргүй байв уу. Зодог тайлах шийдвэрийг гаргахад тань хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл юу байв?
-Зодог тайлах шийдвэр ер хэцүү байгаагүй. Миний хичээсэн, хөдөлмөрлөсөн, туулсан, тэвчсэн, зориулсан бүх зүйл надад хангалттай шагналаа өглөө. Хангалттай гавьяа шагнал, алдар нэр, хайр хүндэтгэлийг би хүртлээ. Дэвжээн дээрээсээ ийм дүүрэн бууж байгаадаа баяртай байна. Олимпын үеэр бэртэлтэй байсан. Олимпоос ирээд ер нь ингээд больё доо, гээд бодчихсон байсан. Сая сүүлийн тэмцээнд нөхөр маань үзчихмээр юм биш үү гэж хурцалсан. Тэгээд бүх зүйлээ зориулж оролцсон. Ингэж гоё дуусгаж байгаадаа баяртай байна.
-Нууц биш бол таны цаашдын төлөвлөгөө?
-Одоо юуг нь нуух вэ дээ. Ямартай ч амарна. Бүх юмыг л хийж үзмээр санагдаж байна. Гэр бүлийн зугаалга, амралт гээд… Өдөр болгон маргааш бэлтгэлтэй, тийм ч тэмцээнтэй, бэртчихлээ доо яах уу гэж бодож санаа зовох юмгүйгээр хүссэнээрээ амьдарна. Наргих үедээ наргина чиг.
Мөн нөхөртэйгөө хамтран сошиал контентуудыг хийж эхэлнэ гэж ярьж, төлөвлөсөн. Бас гэр бүлийн найзуудаараа театр байгуулах ажил яригдаад эхэлсэн. Ямар ч байсан хийх юм маш их байгаа.
-Хүндийн өргөлтийн спортыг сонирхон хичээллэж байгаа, амь амьдралаа болгох сонголтыг хийгээд явж буй дүү нартаа ямар зөвлөгөө өгөх вэ. Таны шавь болъё гээд ирвэл та хүлээж авах уу?
-Хүмүүс их асуудаг. Гэхдээ одоохондоо шавь бэлдэхгүй. Хэсэг хугацаанд тархиа амрааж, заалнаасаа хөндийрнө. Тодорхой цаг хугацааны дараа багшилна. Ганцхан хүндийн өргөлтийн спорт гэлтгүй, дуртай зүйлээ хийж байгаа дүү нартаа хэлэхэд:
Хүн хүссэнээ хийхээрээ юуг ч золиосолж, юуг ч хүлцэж чаддаг. Хүссэн зүйлээ олоорой. Тэгээд түүндээ хүрэх гэж мэрийх юм бол бүх зүйл дагаад ирдэг шүү.