Жил ирэх тусам бид шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсоор байна. Ажлын шинэ жил, төгсөлтийн шинэ жил, нутгийн зөвлөлийн шинэ жил тэр бүү хэл фэйсбүүк группийн гишүүдээрээ шинэ жил тэмдэглэдэг болжээ. Нийгмийн энэ их стресс бухимдлыг бага ч болов нимгэлж хөнгөн гэгэлзүүлж, бяцхан догдлуулдаг гэрэлт баярыг буруутгах гэсэнгүй. Гэвч шинэ жилийн баяр ёслол эхлэх үетэй зэрэгцэн согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн үедээ осгох, хөлдөх зэрэг харамсалтай хэргүүд даамжирдаг талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
ЦЕГ-ЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГАЗРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.ИТГЭЛТ
-Сүүлийн тав хоногийн хугацаанд л гэхэд гурван иргэн осгож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. 12-р сард байгууллага, албан газрууд маань шинэ жилийн баяраа тэмдэглэдэг. Ингэхдээ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, нэгнээ уухыг шахаж шаардах гэх мэтээр өөртөө болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол цөөнгүй гарч байна. 2023 онд нийтдээ 206 иргэн осгож, хөлдөж нас барсан тоон мэдээ бий. Баяр ёслол тэмдэглэж байгаа байгууллагуудад анхааруулга сэрэмжлүүлэг болгож хэлэхэд аварга болж болно, шагнал урамшуулал өгч, авч болно нэгнээ архи согтууруулах ундааны зүйлээр битгий шахаач ээ. Шинэ жил тэмдэглэхдээ дотроо зохион байгуулалттай, хариуцлагатай байж хэтрүүлж уусан нэгнээ ар гэрт нь хүлээлгэж өгдөг байх хэрэгтэй. Баяр ёслолыг ч мөн ингэж л хариуцлагатай, зохион байгуулалтай хийж байж жинхэнэ сайхан баяр болно шүү дээ. Тэрнээс биш өмнөх өдөр нь баярлаж цэнгэж, шагнаж урамшуулчхаад маргааш нь бүтэн 24 цаг ч өнгөрөөгүй байхад нэгнийхээ гашуудлын арга хэмжээнд байгууллагаараа эмгэнээд сууж байна гэдэг аймшигтай дүр зураг.
Мөн архи уусан ч байсан уугаагүй ч байсан, гэр оронтой гэр оронгүйгээс үл хамааран хэн нэгэн хүйтэн шалан дээр хэвтэж л байвал та тэр хүнд туслах ёстой. Цаг алдалгүй шуурхай тусламжийн дугаарууд руу залгаж мэдэгдсэнээрээ та хүний алтан амийг аварч чадах юм шүү.
2024 ОНД ОСГОСОН 115, ХӨЛДСӨН 529 ХҮН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧЭЭ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд дээрх шалтгааны улмаас гудамж талбай, олон нийтийн газарт ухаангүй хүн хэвтэж байна гэх 693, очих газраа мэдэхгүй байна гэх 2627 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Харин эрүүл мэндийн байгууллагад осголтын улмаас 115, хөлдөлтийн улмаас 529 хүн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан байна.
Энэ мэт сэтгэл эмзэглэм олон тоо баримт Цагдаагийн байгууллага болон гэмтлийн эмнэлгүүдэд ирийтэл бүртгэгдсэн байх юм.
ЦУОШЕГ-ЫН ЦАГ УУРЧ Э.ЦЭНД-АЮУШ
УЛААНБААТАР ХОТОД ОЙРЫН ӨДРҮҮДЭД -21… -31 ХЭМИЙН ХҮЙТЭН ХОНОНО
-Өнгөрсөн тав хоногийн хугацаанд гурван хүн осгож нас барсан талаар мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байна.Энэ өвлийн тухайд агаарын температур олон жилийн дунджаас ямар төлөвтэй байна вэ?
-Температурын хувьд баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй гэсэн өвлийн улирлын ерөнхий төлөв мэдээ гарсан.
-Шинэ жилийн баяр ёслол болж байгаатай холбоотойгоор иргэд согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэн хяналтаа алдаж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарч байна. ЦУОШЕГ-аас өнөөдрийн байдлаар хэдэн хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг гаргасан байна вэ? Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд хэдээс хэдэн хэмийн хүйтэн байх вэ?
-Өнөөдрийн байдлаар бидэнд 12-р сарын 25 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ байна. Улаанбаатар хот орчмоор агаарын температур шөнөдөө Яармаг, Сонгино орчмоор -26 аас -31 градус бусад хэсгээрээ -21 ээс -26 градус байх төлөвтэй өдөртөө -14 өөс -19 градусын хүйтэн байна гэсэн урьдчилсан мэдээ гарсан байна.
Осголт нь ихэвчлэн өвлийн улиралд -20 хэмээс доош байхад тохиолддог бөгөөд салхи, чийг ихтэй үед 0 хэмээс доош хэмд ч тохиолдож болдог байна.