Жил болгон зохион байгуулдаг жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян 11 дүгээр сарын 22-ны өдөр “Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-шалтаг бүү тооч” уриан доор нээлтээ хийлээ. Энэхүү аяныг дэлхий нийтэд 1991 оноос эхлүүлж байсан бол манай улсын хувьд 1997 оноос Хүчирхийллийн эсрэг үндэсний төв анх санаачлан зохион байгуулсан цагаас хойш хамрах хүрээгээ улам тэлсээр НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж, Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, цахим хүчирхийлэл, мөлжлөг зэрэг олон хэлбэрүүд байдаг. Эдгээрээс сүүлийн жилүүдэд анхаарал татаж байгаа нь технологи ашиглан үйлдэгдэж, интернэт, нийгмийн сүлжээ болон бусад цахим хэрэгслүүдээр дамжуулан үйлдэгддэг хүчирхийлэл, дарамт, мөрдөлт зэрэг шинэ хэлбэрүүд улам хүчтэй болж байгаа нь цахим орчинд аюулгүй байдал, хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах асуудалд анхааруулах нь нийгмийн тулгамдаж буй асуудал болоод байна.
Татварын ерөнхий газраас нийт албан хаагчдаа жендэрт суурилсан хүчирхийлэл болох энэхүү өргөн цар хүрээтэй асуудлын талаар зөв мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс аяны 16 хоногийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүйгээр шат дараатай хууль эрх зүйн мэдлэг, ойлголт олгох, хүчирхийллээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээний талаар сургалт, мэдээллийг өгөхөөр ажиллаж байна.
Иймд хүүхдийнхээ болон өөрийн цахим орчны аюулгүй байдалд анхаарал хандуулж, хяналт тавьж байхыг уриалж байна.