Татварын Маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааг мушгин гуйвуулж, нэр хүндэд халдсан илтэд худал мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Dobu.mn” мэдээллийн цахим хуудаст удаа дараа нийтэлсэн байна.
Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Татварын албаны дэргэд татвар төлөгчөөс энэ хуулийн 6.1.26-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл ажиллана” гэж заасан. Үүний дагуу Маргаан таслах зөвлөл нь Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, татвар төлөгчийн болон татварын албаны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, татвар төлөгчийн нууцыг хадгалах зарчим баримтлан, татвар төлөгчийн гомдлыг хараат бусаар олонхийн саналаар нээлттэй шийдвэрлэдэг зөвлөл юм.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл мэдээлэлд дурдсан нэр бүхий 3 татвар төлөгчийн гомдлыг хянан хэлэлцэж, хууль тогтоомжийн хүрээнд “П” ХХК болон “Д” ХХК-д холбогдох татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Харин “М” ХХК-ийн гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, дахин шалгуулахаар Татварын ерөнхий газарт буцааж шийдвэрлэсний дагуу татварын алба дахин шалгаж шинээр акт тогтоосон байна.
Тус актыг эс зөвшөөрч “М” ХХК-аас Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн туслалцаа авах, шинжээч сонгон шалгаруулж авах болон баримт материалтай танилцах хүсэлтүүд гаргасныг хүлээн авч, татвар төлөгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжоор хангаж байгаа бөгөөд зөвлөлөөс аливаа шийдвэр гараагүй, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Дээрх бодит үйл баримтыг үгүйсгэж, Маргаан таслах зөвлөлөөс татварын актыг хүчингүй болгосон мэтээр үндэслэлгүй, илт худал мэдээлэл тарааж буй “Dobu.mn” мэдээллийн цахим хуудас мэдээллээ залруулахыг үүгээр мэдэгдье.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛ