
Нийслэл Улаанбаатар хотод 1.2 сая иргэн амьдардаг. Үүний 200 мянга гаруй нь гэр хороололд амьдардагаас 95 хувь нь монгол гэрт аж төрдөг. Гэтэл сайд, дарга нар гэр хороололд амьдардаг иргэдээс шалтгаалан утаа ихэсч, буруу галлагааны улмаас агаарын бохирдол буурахгүй байгаа мэтээр шууд утгаар ил цагаан ярьцгааж буй. Иймээс гэр хорооллын айл өрхүүдийн зуухыг дахин шинэчлэхээр эцэслэн шийдчихээд үүндээ орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн 28.3 тэрбум төгрөгийг ахиад л салхинд хийсгэх нь тодорхой болчихлоо.
Угтаа бол зуухандаа бус гал түлдэг иргэндээ ч биш. Алсыг харсан шийдвэрийг гаргаж, бодлогоор зохицуулалт хийж өгөхгүй бол хичнээн зуух тараагаад, ямар ч ажлын хэсэг байгуулаад үр дүнгээ өгөлгүй олон жилийг бид ардаа үдэж байна.
2011 онд айл өрхүүдэд зуух шахаад эцэст нь бидний нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар утааны асуудал хэрхэн өөрчлөгдөв өө?
Сүүлийн зургаан жилийн хугацаан дахь утааг бууруулахад зарцуулсан тоон статистикийг онцлон танилцуулъя.
2017 оноос хойш 2023 он хүртэлх зургаан жилийн хугацаанд утааг бууруулахад 3.5 их наяд төгрөг зарцуулсан буюу нийт 1 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Утааг бууруулна гэх нэрийн дор улсын төсөв, гаднын хөнгөлөлттэй зээл тусламжаар ойролцоогоор нэг их наяд 500 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Эцэст нь утаа буурсангүй, улам нэмэгдэж, зарцуулсан дээрх мөнгөн дүн “утаа болон замхрав”.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд утааг бууруулах нэрийдлээр нэг их наяд 500 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Тодруулбал, 2008-2016 оны хооронд дээр дурдсан улсын төсөв болон гаднын хөрөнгө оруулалтаар 540 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан аж.
Тухайлбал,
2008-2016 онд Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Мөн үүнээс гадна 2008-2016 оны хооронд олон улсын байгууллагуудаас 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосныг тухайн үед аудитын шалгалтаар тогтоож байв.
2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргасан байна. Мөн онд утааны эсрэг төсөл хэрэгжүүлэхээр Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ-аас 168.9 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Харин 2008-2023 онд утааг бууруулахад улсын төсвөөс гадна нийт 500 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Мөн,
- 2021 онд 30 тэрбум,
- 2022 онд 32 тэрбум,
- 2023 онд 39 тэрбумыг зөвхөн улсын төсвөөс санхүүжүүлжээ. 10 гаруй жил утаа арилах бус харин зарцуулсан мөнгө замхран оджээ.
Энэ мэтчилэн татвар төлөгчдийн мөнгө тэрбум, тэрбумаараа салхинд хийсдэг бичигдээгүй “бизнес” цэцэглэн хөгжиж байгаа нь нууц биш.
Нийслэлчүүд бид утаатай өдөр хоног, цаг минут бүр тэмцэж ядаж байна. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, амьд явах эрхээ ч эдэлж чадахгүй болтлоо туйлдсаар л.
Харин дайны хажуугаар дажин гэгчээр сайд, дарга нарын тоглож буй жүжиг, кино зохиолууд ар араасаа хөвөрсөөр л байна. Бүтэн зургаан жил айл өрхийн зуух, янданг нь хөөлж өглөө. Зөвхөн сайжруулсан түлшний тээвэрлэлтэд өнгөрсөн зургаан жилд 350 тэрбум төгрөгийг зарцуулсан хэдий ч сүүлийн нэг жилтэй харьцуулахад утаа айдас хүйдэс, аюулын харангыг бүр хүчтэй дэлдэж байна.
Зуух тараах нэрийдлээр утааг бизнес болгон хувиргаж, утаатай тэмцэх зорилготой байгуулсан “Цэвэр агаар” сангаар дамжуулан тэрбум, тэрбумаар мөнгө угаасан хэргийг тухайн үедээ сүр дуулиантай шалгаж байсныг эргэн нөхөн санаж байна.
2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дэвшүүлж буй урианы гол сэдэв “утаа” болж байв. Сонгууль дөхөхөд л эрх баригчдын бамбай нь ард түмний шүдний өвчин “утаа” болдог. Хэдий болтол шийдвэр гаргагч, сайд дарга нар, эрх мэдэлтнүүд түмний сэтгэхүйгээр тоглон, ардын зовлонгоор “зоолох” вэ?