Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр утаа болон бусад цаг үеийн байдлаар мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ Их Британийн Засгийн газраас метроны төсөлдөө зээл татахаар болсон тухайгаа ийнхүү ярилаа.
“Бид олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны гаргасан үлгэрчилсэн дүрмийн дагуу ТЭЗҮ-гээ боловсруулж, EPC нөхцөлөөр тендерээ зарлах бэлтгэл ажил бидний өмнө байна. Метротой холбоотой санхүүжилтийн асуудал шийдэгдчихсэн гэж товчхондоо хэлмээр байна. Энэ долоо хоногт Их Британийн засгийн газрын Сангийн яамнаас манай засгийн газарт 3 тэрбум фунт стерлинг буюу 13 орчим их наяд төгрөгийн баталгааны бичгийг өгөхөөр болсон. Энэ баталгааны бичгийг 15 жилийн хугацаатайгаар манай засгийн газрын метроны төсөлд гаргаж өгч байгаа юм.
Би сая очиж уулзаад нэлээн дэлгэрэнгүй яриа хэлэлцээр хийгээд ирсэн. Одоо зарлагдчихсан байгаа метроны тендерийг зогсоож, хойшлуулалгүй явуулах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл урт хугацааны санхүүгийн сайн хэрэгслийг ашиглаж метроны санхүүжилтийг босгох чиглэл рүү явж байгаа. Одоо бид синдикат банкуудтай 1, 2-р сард уулзалт хийнэ. Бас гадаад улс руу томилолтоор явахаар төвөгтэй юм. Томилолтоор явлаа гээд шүүмжлүүлээд байгаа учир синдикат банкуудтай цахим уулзалт хийх эсвэл Улаанбаатар хотод урьж уулзах талаар яригдаж байна.”