Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны 14 байршилд халиа тошин үүсч, мөстжээ. Түүнчлэн зарим айлын хашаа руу ус орж мөстсөний улмаас халиа тошин үүсч, нөхцөл байдал хүндэрсэн тул тус хорооны найман айлын газрыг чөлөөлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна.
Тодруулбал, “Дэд бүтэц, хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас нийтийн эзэмшлийн гудамж талбайд тогтсон мөсийг ачиж зөөж тээвэрлэн, орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Мөн “Хар шороотын ам” зуслангийн гудамжны айлын худгаас гүний ус гарсны улмаас халиа тошин үүсч, 66 айлын зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан байсныг зогсоож, халиа тошинг арилгасан байна. Өнгөрсөн жил нийслэлийн 22 хорооны 33 байршилд халиа тошин үүсч, гамшгийн шар түвшин тогтоожээ. Тиймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан хэмээн мэдээлж байсан юм.