Агаарын бохирдол нь Дэлхий даяар эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой аюул учруулж, томоохон сорилтуудыг бий болгосоор байна. Дэлхийн улс орнууд энэ асуудалтай тэмцэх янз бүрийн арга, стратегийг авч хэрэгжүүлсээр байгаа юм. Зарим нэг улс орны агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулъя:
ИХ БРИТАНИ
Манчестер хотод цахилгаан автобус нэвтрүүлэх замаар замын хөдөлгөөнөөс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн тээврийн нэгдсэн санаачилга болох “Bee Network” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Тус хөтөлбөр төлөвлөгөөнд ирэх 2025 оны нэгдүгээр сарын 5-наас эхлэн 330 цахилгаан автобусыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр, төлөвлөгөөний хүрээнд бүх автобус, трамвайн системийг 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг цахилгаан системийг бий болгох зорилт тавьжээ.
Эх сурвалж: The Times
ИРАН
Иран улс агаарын бохирдол, эрчим хүчний хомсдолд нэрвэгдэж, 12 мужид сургууль, банк болон бусад байгууллагуудын үйл ажиллагаа зогсжээ. Температураас үүдэлтэй хөлдөлт үүсэж, Тегеран зэрэг хотуудын нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа аж. Харин, Засгийн газраас ард иргэдэдээ эрчим хүчийг хэмнэхийн тулд өрхийн хэрэгцээний дулааны температурыг бууруулахыг уриалж эхэлжээ.
Эх сурвалж: Financial Times
ЭНЭТХЭГ
Агаарын чанар муудаж байгаа тул нийслэл Дели хот бохирдлын эсрэг шинэ арга хэмжээ авч эхэлжээ. Засгийн газраас бага насны сурагч болон оюутнуудад зориулсан хосолсон сургалтын горим буюу гэрээр болон танхимын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Харин, төрийн байгууллагуудад ажилчдын цагийг шат дараатай өөрчилж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Эдгээр бүх арга хэмжээ нь агаарын чанар муудаж буй энэ цаг үед хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэж тус улсын Засгийн газар онцолжээ.
Эх сурвалж: Reuters
КОЛУМБ
Богота бол агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Латин Америктаа тэргүүлэх улсын тоонд зүй ёсоор орох болжээ. 2024 он гэхэд агаарын бохирдлыг 10%-иар бууруулах томоохон төлөвлөгөөний хүрээнд хотын нийтийн тээврийн автобусны сүлжээнээс гадна метроны системийг бүрэн цахилгаанжуулах зорилт тавин ажиллаж байгаа аж. Мөн, хотын захиргаанаас нь унадаг угуйнуудыг хотын тээврийн стратегийн чухал хэсэг гэж үзэж, агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна хэмээн онцолжээ.
Эх сурвалж: UNEP.ORG НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр
ХЯТАД
Хятад улс цэвэр эрчим хүчний санхүүжилтээр агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлсэн. Хятадын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд аж үйлдвэрийн байгууламжуудад тоосонцор, хийн ялгаруулалтыг шүүх тоног төхөөрөмж суурилуулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах, эрчим хүчний үр ашгийг сайжруулах зэрэг арга хэмжээг авсаар байгаа аж.
Эх сурвалж: WORLDBANK.ORG
Эдгээр жишээнүүд нь дэлхий даяар агаарын бохирдлын эсрэг ямар олон төрлийн стратегиудыг хэрэгжүүлж байгааг товчхон дурдсан цөөн жишээ. Бид цаашид энэ талаар үргэлжлүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн хүргэх болно.