Төр засаг маань 16 жил их наядаар нь зарцуулж утаатай “тасралтгүй тэмцлээ”. Гэвч өдөр ирэх тусам өтгөрөн хоруужсаар байгаа утаа төрөөс илүүтэй таван зуун төгрөгийн амны хаалт биднийг арай дээр хамгаалж ирснийг гэрчилнэ.
Хүйтний эрч чангарахын хэрээр хоолой хорсгом утаандаа бачуурч “бид угаартаж үхлээ” гэж хашхирах иргэдийн дуу тодорч ирэв. Гэвч үүний хариуд улсын ерөнхийлөгч маань утааг хоёр дахин багасга гэж зарлигдаад л өнгөрлөө.
“Улаанбаатар утаагүй болохыг энэ насандаа үзэхгүй бололтой дог шүү гэж хөгшид шогширно. Улс төрчдийн утаатай тэмцэх амлалтыг үлгэр шүү дээ гэж залуус дооглоно. Ямартай ч төр биш татвараа төлөөд атганд үлдэх таван цаас биднийг утаанаас бага ч болов хамгаална гэдгийг л бүгд мэдлээ.”
“Утаатай тэмцсэн улс төрчдийн маань тэмцэл 2008 оноос эхлэлтэй. Тухайн жилд яг хэдэн төгрөг утааг арилгахад зарцуулсан талаар мэдээлэл төсвийн шилэн дансанд тодорхой бичигдэж үлддэггүй. Энэ нь ч цаанаа учиртай. 16 жил өнгөрч дэлхий орвонгоороо өөрчлөгдсөн атал “үлгэрийн баатрууд” маань өнөөх л зуух яндангаа тараана гэх. Бухын доодхыг харж үнэг турж үхэхийн үлгэрээр баталж сонгосон гишүүдээ харсаар бид угаартаж үхэх нь…”
АМНЫ ХААЛТ ЗҮҮЖ, АМРАЛТЫН ӨДӨР АГААРТ ГАРАХААС ӨӨР ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛ АЛГА
-Төр засаг утааг арилгаж, эрүүл амьдрах эрхийг бидэнд олгохгүй нь гэдгийг 10 гаруй жилийн үр дүнгээс бид харлаа. Тэгвэл та гэр бүлээ болон өөрийгөө хэрхэн энэ хорт утаанаас хамгаалж байна вэ?
-Утааны эсрэг амны хаалт зүүж, амралтын өдөр агаарт гарахаас өөр хийж чадах зүйл алга. Бид нар бүхий л чадлаараа болгох гэж зүтгэж дасан зохицоод амьдарч байгаа. Би уламжлалтын эмнэлэгт ажилладаг хүн. Шинээр төрж байгаа хүүхдүүд шууд л өвчлөлтэй төрдөг. Эдгээр хүүхдүүдийг бүхий л арга чаргаараа тойглож байгаа ч утаанаас болж ахицтай үр дүн гардаггүй. Хот маань утаагүй болж үр хүүхэд маань эрүүл сайхан орчинд амьдрахыг үзэхгүй нь дээ л гэж бодож харамсаж байна.
ӨДӨР АМНЫ ХААЛТАА ТАЙЛААД ӨГЛӨӨ,ОРОЙДОО ҮРГЭЛЖ ЗҮҮДЭГ
-Миний хувьд дархлаа дэмжих зүйлсийг боломжоороо хэрэглэхийг хичээдэг. Мөн гэртээ агаар шүүгчээ байнга ажиллуулдаг. Өдөр агаар цэвэр болох үед амны хаалтаа тайлаад өглөө, оройдоо үргэлж амны хаалтаа зүүдэг. Эмийн сангаар зардаг агаар шүүгчтэй амны хаалтууд сайн байдаг ч үнэтэй учир өдөр болгон аваад байж чаддаггүй.
ХҮҮХЭД ХАНИАД ХҮРЭХ БҮРД ГЭР БҮЛИЙН САНХҮҮ ЗОГСОЛТОД ОРДОГ
-Хүүхдүүдээ гэрээс нь бараг гаргахгүй байгаа. Цэцэрлэгт нь явуулахаасаа явуулахгүй нь их байна. Хүүхэд өвдөх болгонд би дагаад л эмнэлэгт хэвтдэг. Тэр бүрд цалин хөлс хасагдана. Энэ мэтээр хүүхдүүд ханиад хүрэхэд гэр бүлийн төсөв, санхүү зогсолтод орчихдог.
ЗУУХ, ЯНДАН ДОТОР Л АМЬДРААД БАЙНА УУ ГЭМЭЭР…
-Амны хаалт зүүгээд л явж байна. Шөнө хаалганы завсраар утаа орж ирж байна уу үгүй юу гээд үнэрлэж шалгаж байна. Бүр зуух, яндан дотор л амьдраад байна уу гэмээр. Хүүхдүүдээ чадлаараа ханиаднаас урьдчилан сэргийлж байгаа. Тэгээд ч дийлэхгүй л байна. Утаа бидний эрүүл мэнд, эдийн засагт маш их нөлөө үзүүлж байна. Хэдэн жилийн дараа бөөн өвчтэй ард иргэдтэй болох байх даа.