Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцсэн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн агаарын бохирдол эрс нэмэгдэж буйтай холбогдуулан холбогдох төрийн байгуулалгуудын ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр УОК-ын хуралдааны шийдвэр гарч Нийслэлийн засаг даргаар удирдуулсан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабыг байгуулж, 24 цаг тогтмол хяналт тавьж ажиллах үйл ажиллагаа явуулж байна. Мөн Засгийн газрын яам агентлаг, сабарын хяналтын байцагч нарыг энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулах УОК-ын шийдвэр гарлаа. Түүнчлэн өнөөдрийн УОК-ын хуралдаанаар ЗГХЭГ-ын даргад үүрэг өгсөн. Агаарын бохирдолтой холбоотой өмнө нь үйл ажиллагаа чиг үүргийг хариуцан ажиллаж байсан Үндэсний хороог сэргээн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж шийдвэрлүүлэх шийдвэр гарсан.
Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон эрчим хүчний сайд, Нийслэлийн холбогдох удирдлагуудад сайжруулсан шахмал түлшний чанар стандарттай холбоотой хөндлөнгийн дүгнэлт ялангуяа шаардлага хангасан гадаадын байгууллагын чанар стандартын тодорхой шинжилгээг хийж, үр дүнг УОК-т танилцуулах хугацаат үүрэг өглөө” гэлээ.
Нийслэлийн гэр хороололд 220 мянга орчим айл өрх байгаагаас 91 мянга нь нэн ядуу буюу зуух худалдан авах чадваргүй өрхөд 885 мянган төгрөгийн өртөгтэй зуухыг зээлээр өгөх тухай Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мөн мэдээлэл өгөв.
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн утааг бууруулах нэрийдлээр 3 их наяд 500 сая төгрөгийг зарцуулжээ. Тэгвэл 2025 онд 32 мянган айл өрхөд тараана хэмээн яригдаж буй зуухны нэг бүрийн үнэ 885.000 төгрөг. Орон нутгийн төсвөөр санхүүжсэн уг ажилд 28.3 тэрбум төгрөгийг салхинд хийсгэхнээ.
Энэ нь иргэдийг угаартуулахгүйн тулд эхний ээлжинд л амыг нь таглаж буй хэрэг. Тухайн ажлын тендерийн материал хүлээн авах хугацаа долоо хоногийн дараа буюу энэ сарын 24-ний өдөр дуусгавар болох аж.
Эцэст нь үр дүнд нь утаа буурахгүй. 2011 оноос хойш зуух тараасан ч үр дүнд нь утаа арилсангүй. Бүтэн зургаан жил айл өрхийн зуух, янданг нь хөөлж өглөө. Зөвхөн сайжруулсан түлшний тээвэрлэлтэд өнгөрсөн зургаан жилд 350 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Сүүлийн дөрвөн жилийн тоон статистикаар авч үзвэл утааг бууруулах нэрийдлээр зөвхөн Олон улсын зээл тусламжаар л гэхэд 500 сая төгрөгийг зарцуулсан байна. Хэдэн сая, хичнээн тэрбумаар яригдах төсөвт өртөгийг зарцуулдаг хэдий ч зөвхөн зуух тарааснаас хойш буюу 13 жилийн хугацаанд утаа буурсангүй, агаарын бохирдол дээдийн дээд хэмжээндээ хүрч, аюулын харанга дэлдээд удаж буй. Харин энэ мөнгөөр станц нэмж барих, бодитоор дэд бүтцээ алсыг харан шийдвэрлэх, орон сууцжуулалт зэрэг бодитой шийдвэрийг бодлогын түвшинд гаргаж ажилламаар байна аа, эрх баригчид аа. Угтаа бол хашаанд буй өрхийн яндангийн тоог бууруулах, орон сууцжуулах ажилд илүү анхаарвал утааг гаргагчдын тоо буурах болов уу.
Шийдвэр гаргагчдын хийж чаддаг ажил нь л “зуух тараах”. Эсвэл зээл, тусламж, цаашлаад амар хялбар аргаар өдөр цагийг өнгөрөөж, аргацаах. Ийм л байдалтай цаг хугацаа, он жилүүд өнгөрөх тусам эцсийн дүндээ ард түмэн, тэр дундаа Монгол улс эх орны ирээдүй хойч үе болсон хүүхэд, багачууд хохирсоор, тэдний эрүүл мэнд доройтсоор л байна.
Сүүлийн дөрвөн жилд зөвхөн Олон улсын зээл тусламжийн хүрээнд утааг бууруулах зорилгоор 500 сая төгрөгийг зарцуулжээ.
Айл өрхүүдэд зуух тараагаад утаа буурч, агаарын бохирдолтой тэмцэж чаддаг байсан бол өдийд “үхлийн хөндий” болсон Улаанбаатарчууд хоморголон ханиадаар өвчилж, үр хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулахгүй л байсан болов уу.
Бид яахвээ, гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө хэрхэх ёстой вэ? Хөдөө орон нутгийг зорин тэнд очиж амьдръя гэтэл ажлын байр бий билүү. Хоногийн хоолоо хэрхэн яаж залгуулах билээ?
Шийдвэр гаргаж, эрх барих түвшинд суугаа дарга нар хуралдаж, хуралдаж гаргасан шийдвэр нь ердөө л “Зуух тараах”. Ёстой нөгөө бидний хэлдгээр хойд хормойгоо аваад, урд хормойгоо нөхдөг шиг л үлгэр болж байна.
Өөр бодитой арга хэмжээ авч, хөрсөн дээр буусан зохих шийдвэрт хүрээд ажиллаж өгөөч? Зуухаар бус ухаанаар шийдэх арга зам алга уу.