Шалтаг нь дуусдаггүй, хичээлээ хамгийн их тасалдаг гишүүдээс болж ангийн амжилт нь хойшоо татагдсаар.
Бага сургуулиар авч үзвэл хичээлдээ нэг удаа ч таслахгүй, чөлөө авалгүй, хичээлдээ маш идэвхтэй суудаг онц сурлагатнууд байдаг. Багш нар ч тэдэнд их сайн, тэд хичээлдээ онц сурдаг. Нэг үгээр илэрхийлбэл өгөө, аваатай байж чаддаг гэдэг үгс л тэдэнд яв цав тохирдог. Иймээс ч онц сурлагатан, идэвхтнүүд ангийн ширээний хамгийн тэргүүн эгнээнд сууж, тэднээс ч ангийхан нь сурлага муутай сурагчид зөв үлгэр жишээ авдаг нь нууц биш. Харин дунд сургуулийн энэ байдлыг өнөөгийн цаг үед УИХ дээр буулгаад харьцуулмаар санагдаад болдоггүй.
УИХ-ын намрын чуулган 10 дугаар сард эхэлсэн. Яг хоёр сар гаруй хугацаа өнгөрсний дараагаар УИХ-ын гишүүдээс шижигнэсэн ямар бодит ажил гараас нь гарав? Ард түмэн бид угтаа бол өөрсдийнхөө төлөөллийг сонгоод, нэрсийг нь дугуйлаад саарал ордонд сэнтийд залрахад нь хамгийн гол түлхүүр болж өгсөн. Гэвч тэд ард түмнийхээ, хүнийхээ, иргэнийхээ төлөө өнөөдөр яг юу хийж бүтээв? Ямар хууль, хуулийн төсөл өргөн барив, хэрхэн яаж ямар замаар үнэнч шударгаар араас нь хөөцөлдөн барин гүйж батлуулав? Угтаа бол сонгоод гаргасан бидэнд эргүүлээд татан буулгах эрх мэдэл нь байх л ёстой.
Саяхны болоод өнгөрсөн бодит жишээгээр аваад үзэхэд л БНСУ-ын иргэд хэрхэн ухаалгаар жагсаж, яаж тэмцэж чадаад улсынхаа Төрийн тэргүүнийг сэнтийгээс нь уургалаад татаж чадаад, “Ард түмэн гэдэг ийм л эрх мэдэлтэй улс” гэдгээ харуулаад авлаа. Харин эсрэгээрээ бид жагсаал цуглаан хийж, эрүүлээр жагсаж, тэмцэж чаддаг билүү дээ?
Жагссан нэгнээ хоморголон бүүлийдэж, бөөн хүн сүргээрээ дайрч давшилсаар, амаа билүүдэж, зоригтой ардын баатар болсон нэгнийхээ зүрхийг мохоож, сэтгэлийг нь хатуу төмрөөр хайрч чаддаг тийм л хоржоонтой, хорлонтой улс.
Гэтэл нөгөө талдаа чуулгандаа суулгүй, шалтаг шалтгаан нь “дуусдаггүй” хамгийн их хичээлээ тасалдаг сурагчид байгаа цагт ангийн амжилтаас цаашлаад төлөвлөгөөнөөс байнга хойш нь татаж чангаадаг нь нууц биш.
2024-2028 оны ээлжийн энэ ангийн самбар дээр хамгийн их хичээлээ тасалж, юм л бол шалтаг хэлэн чөлөө авч, ирц хангалтгүй байдаг гишүүдийн зурагны ар талд “дөрвийн дөрвөн гахай” зурмаар байна. УИХ-ын чуулганы 11 дүгээр сарын ирцийн байдлаар хуралдаандаа “суугаагүй” хамгийн олон удаа шалтаглаж чөлөө авдаг, тасалдаг гишүүдийг танилцуулъя.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ: 9 хуралдаанаас 8-д нь оролцоогүй, үүнээс 8 удаа чөлөө авчээ. УИХ-ын гишүүн Х.Болормаа: 9 хуралдаанаас 6-д оролцоогүй, үүнээс эмнэлгийн чөлөөтэй гээд 6 удаа чөлөө авсан аж. УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг: 9 хуралдаанаас 7-д оролцоогүй, үүнээс гадаад томилолт-2, эмнэлгийн чөлөө-1, чөлөөтэй-4, хоцорсон-1. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: 9 хуралдаанаас 7-д оролцоогүй, үүнээс гадаад томилолт-3, орон нутаг-2, тасалсан-1, хоцорсон-1. 11 дүгээр сарын хуралдааныг хагийн олон “тасалсан” гишүүд УИХ-ын гишүүн Д.Батбаяр 2 удаа, С.Лүндэг 2 удаа, Х.Тэмүүжин 3 удаа, Ж.Энхбаяр 2 удаа, Х.Баттулга 4 удаа чуулганы хуралдааныг тус тус тасалжээ.
Ер нь манай улсад аль ч салбарт хаа хаанаа “хариуцлагын тогтолцоо” гэж бичигдээгүй хууль огт алга. Бид дор бүрнээ хариуцлагатай байж гэмээнэ аливаа асуудалд ултай, суурьтай, нухацтай хандана. Нөгөөтэйгүүр хариуцлага алдсаны улмаас эргээд гарах эрсдэл багасна. Хаа байна нөгөө алсыг харсан холч ухаантай монгол хүний нэгнээ гэсэн хүнлэг сэтгэл…