Гүрж улсад Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа шууд бус аргаар буюу 300 гишүүн бүхий сонгогчдын санал хураалтаар зохион байгууллаа. Тус сонгуульд эрх баригчдыг хууль бус гэж үздэг сөрөг хүчний намууд оролцоогүй байна.
Гүржийн Сонгуулийн Төв Хороо санал хураалтын дүнг тоолж дууссаны дараа Михаил Кавелашвилиг Ерөнхийлөгчөөр сонгогдсон талаар зарлав. Тэрбээр 224 сонгогчийн саналаар ялалт байгуулжээ.
Михаил Кавелашвилиг арваннэгдүгээр сарын сүүлчээр эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн юм.
Гүржийн ерөнхийлөгчөөр хөлбөмбөгчин, 3 удаа парламентын гишүүнээр ажиллаж байсан Михаил Кавелашвили сонгогдлоо
Өдгөө 53 настай Михаил Кавелашвили нь Гүржийн алдартай хөлбөмбөгчин байсан бөгөөд Гүржийн шигшээ баг, Тбилисийн “Динамо”, Владивказын “Алания”, “Манчестер Сити”, Швейцарын шилдэг багуудад тоглож байсан нэгэн. 2018 оноос хойш “Гүржийн мөрөөдөл” намын төлөөлөл болж парламентад ажилласан туршлагатай.
Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 29-нд болох юм. (Эх сурвалж: Interfax)