Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан агаар, орчны бохирдлын нөхцөл байдалтай холбогдуулан өнгөрөгч баасан (2024.12.06) гаригт холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудтай уулзаж, сайжруулсан түлшний орц найрлага, чанар стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд онцгой анхаарч, байнгын хяналт тавих, Агаарын бохирдол хамгийн их цэгүүдэд явуулын станцууд ажиллуулж, хэмжилт хийж олон нийтэд мэдээлэх, Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд онцгой анхаарч хяналтаа сайжруулах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн.
Тэгвэл Шадар сайд С.Амарсайханы өгсөн уг үүрэг чиглэлийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрчээ. Тодруулбал, зарим авто засварын газрууд хуучин дугуй, автомашины хаягдал тос масло, слярки шатааж байсан бол бага оврын уурын зуухтай аж ахуйн нэгжүүд уурын зуухдаа шүүлтүүр тавилгүй галлах зэрэг зөрчлүүд илэрсээр байгаа аж.
Мөн гэр хорооллын зарим айл өрхүүд түүхий нүүрс, резин, хуучирч муудсан хувцсанд автомашины тос найруулж шатаах зэргээр бусад хаягдал хог, зориулалтын бус түлш түлж байсан нь тогтоожээ. Уг зөрчлийн дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж шаардлагатай арга хэмжээ авч байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Түүнчлэн зарим аж ахуйн нэгж, иргэдийн түлж буй эдгээр хүнд металл агуулсан бүтээгдэхүүн нь агаарын чанарыг муутгаж нийслэлчүүдийн эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна гэв.