“Time” сэтгүүлээс 2024 оны онцлох хүнээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трампыг нэрлэснээ өөрийн вэб хуудсандаа нийтэлжээ.
“Трампын улс төрийн сэргэлт нь Америкийн түүхэнд давтагдашгүй зүйл. Хэдийгээр, түүний эхний бүрэн эрхийн хугацаа гутамшигтайгаар төгссөн ч, тэрбээр эргэлзээтэй 7 мужид Ардчилсан Намаас дэвшсэн өрсөлдөгчийнхөө нэгийг биш бүр хоёрыг нь ялснаараа Америкийн улс төрийн өнгө төрхийг шинэчлэж, Бүгд Найрамдах Намыг өөрчиллөө” хэмээн сэтгүүлд онцолжээ.
Доналд Трамп мөн Мар-а-Лаго дахь эдлэн газартаа сэтгүүлийн төлөөлөгчидтэй ярилцах үеэрээ өмнөхөөсөө ч илүү “тэвчээртэй бас нөхөрсөг” болсон гэдгээ харуулсан гэжээ. АНУ-ын 45 дахь болон 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар үнэмлэхүй амжилт байгуулсан нь дотоодын болоод дэлхийн асуудлуудыг олж харж чадсантай нь холбоотой гэгдэж байгаа юм.
Өмнө нь, Доналд Трамп 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа анх удаа “Оны онцлох хүн”-ээр тодорч байсан билээ. (Эх сурвалж: Time)