АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу мягмар гарагт хүчтэй салхи, шуурганы улмаас ой, хээрийн түймэр гарч, Малибу хотын 10.000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Тус хот нь Номхон далайн эрэг дээр оршдог бөгөөд жуулчид их ирдэг аялал жуулчлалын бүс юм. Одоогийн байдлаар ой, хээрийн түймэрт олон зуун барилга байгууламж, дэд бүтэц өртөж, тус хотын оршин суугчид тог цахилгаагүй болж, орон гэрээ орхиход хүрээд байна. Түймрийн тархалт нь шөнийн дотор 1097 га.талбай газраас 2713 га.талбай газар хүртэл хурдтайгаар тархсан бөгөөд иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсан талаар орон нутгийн Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлжээ.
Гал сөнөөгчид шөнийн турш гал түймэртэй тэмцэхээс гадна олон мянган айл өрхийн хаалгыг тогшиж, иргэдийг нүүн шилжилт хийхийг анхааруулсан бөгөөд ой, хээрийн түймрийн голомтод нийт 700 орчим гал сөнөөгч ажиллаж байна. АНУ-ын Калифорни мужид өнөөдрийн байдлаар /2024.12.11/ нийт 7830 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, 422.979 га талбай шатжээ.
Эх сурвалж: ОБЕГ \reuters.com\