
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон түүнд нөлөөлж буй агаарын бохирдол, угаар зэрэг асуудлаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр мэдээллээ.
Тэрээр “Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 277 320 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 21 367 буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байгааг онцоллоо.
Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдийн мэдээллээр 9643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3087 нь буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштой байна. Энэ нь томуу, томуу төст өвчний хүндрэл гэсэн үг. Энэ тооны хамгийн гол үзүүлэлт нь өнгөрсөн жилийн энэ үеийнхтэй харьцуулахад 10 хувиар илүү байна.
Нийт өвчлөгсдийн 47.1 хувь, амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Таван хүн тутмын нэг нь хүүхдүүд байна гэсэн үг. Үүнийг өнгөрсөн долоо хоногийн мэдээтэй харьцуулахад 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бид нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг эрт авч, вакцинжуулалтыг эхлүүлсэн.
Улаанбаатар хотын зорилтот бүлгийн 90.4 хувь нь томуугийн вирусийн эсрэг вакцинд хамрагдсан.
Мөн агаарын бохирдол зүрх судас, томууг улам хүндрүүлж, өвчлөл хүндрэхэд нөлөөлж байна. Агаарын бохирдолд 65-аас дээш насны ахмад настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй. Тиймээс олон хүн цугласан үйл ажиллагааг аль болох бага зохион байгуулах, олуулаа цугласан бол амны хаалт зүүх, гэр болон албан тасалгаанд HEPA шүүлтүүр бүхий агаар цэвэр шүүлэгч ашиглах”-ыг зөвлөлөө.