Өнгөрсөн сард нийслэлд үхрийн цул мах дунджаар 1 кг нь 20357 төгрөг байжээ. Энэ нь 2022 оны мөн үеийнхээс 32.3 хувиар, 2023 оны 11 дүгээр сарынхаас 12.9 хувиар нэмэгдсэн дүн юм. Харин энэ оны 10 дугаар сарынхаас 26 төгрөгөөр буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг хэрэглээний сагсны нэрийн бараа, үйлчилгээнээс 2024 оны 11 дүгээр сард 105 бараа, үйлчилгээний үнэ 10 дугаар сарынхаас нэмэгдэж, 44-ийнх нь үнэ буурчээ. Харин 255 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна.
Талх, гурил, будааны бүлгийн үнэ 5.3 хувиар нэмэгдэхэд, гурилын үнэ 3.9 хувиар, талх, нарийн боовны үнэ 6.2 хувиар, гоймонгийн үнэ 16.4 хувиар нөлөөлсөн байх жишээтэй. Тухайлбал, 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны 11 дүгээр сард 2329 төгрөг болжээ. Энэ нь 2022 оны 11 дүгээр сарынхаас 14.7 хувиар нэмэгджээ. Гэхдээ 2023 оны 11 дүгээр сарынхаас 3.4 хувь, 2024 оны 10 дугаар сарынаас 22 төгрөгөөр буурчээ.
Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2024 оны 11 дүгээр сард 2390 төгрөг болж, 2022 оны 11 дүгээр сараас хойш өөрчлөлтгүй байна.
Улаанбаатар хотын инфляцад:
- бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.6 нэгж хувь
- мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.3 нэгж хувиар нөлөөлжээ
Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 11 дүгээр сард 2023 оны мөн үеийнхээс 8.1 хувиар нэмэгдсэн аж. Харин энэ оны 10 дугаар сарынхаас 1.7 хувиар нэмэгдсэн байна. Тэдгээрийг төрөл тус бүрээр болон бүсээр нь авч үзвэл:
- Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.2 хувь,
- Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 21.4 хувь,
- Хангай болон Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.1 хувь,
Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 9.5 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 11 дүгээр сард 8.6 хувь байжээ. Харин 2024 оны 11 дүгээр сард 8.1 хувь болж, өсөлтийн хурд 2023 оны мөн үеийнхээс 0.5 нэгж хувиар буурчээ. Улсын инфляцад:
- бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.5 нэгж хувиар,
- мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4. 5 нэгж хувиар нөлөөлсөн байна
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 11 дүгээр сард 2023 оны мөн үеийнхээс 8.1 хувиар нэмэгдэхэд:
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.0 хувь ),
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.1 хувь,
- гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь,
- зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
- боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 10 дугаар сарынхаас 1.7 хувиар нэмэгдэхэд, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.9 хувийн нэмэгдэл нөлөөлсөн байна.
Инфляц 2024 оны 11 дүгээр сард 8.1 хувь гарсны 2.3 нэгж хувь нь импортын барааны үнийн нэмэлтээс шалтгаалжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11 дүгээр сард Увс, Булган аймагт хамгийн бага буюу 5.3 хувиар, Ховд аймагт хамгийн их буюу 15.2 хувиар нэмэгджээ.