Хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст жил бүр Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай. Энэ жил 11 дэх шагналын эзнийг тодруулах үйл ажиллагаа өрнөж байна.
Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан судалгаа, шинжилгээний бүтээлүүдээс шилдгийг тодруулдаг. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургууль, төрийн байгууллага болон бусад байгууллагаас нэр дэвшүүлсэн эрдэмтэн, судлаач, судлаачийн багийн туурвисан бүтээл нь ном, эсхүл гадаад улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэл байх шалгууртай. Түүнчлэн зохиогчийн эрхийн зөрчилгүй байх шаардлагатай аж.
Хууль зүйн шинжлэх ухааны салбарын оны шилдэг бүтээлд өрсөлдөх бүтээлүүдийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хурлын Тамгын газар хүлээн авч, “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авах, баримт бичгийн бүрдэл, бүтээлийн агуулгыг судлан танилцуулга бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг шалгаруулах юм байна. Жич: “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлээ дараах баримт бичгийг бүрдүүлэн, Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ.
– Нэр дэвшүүлж байгаа бүтээл болох ном, судалгааны өгүүлэл (цаашид “бүтээл” гэх);
– Бүтээлийг нэр дэвшүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн байгууллага болон бусад байгууллагын хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл, албан ёсны шийдвэр;
– Бүтээлийн Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр оруулсан хувь нэмэр, үр дүн, бүтээлд дэвшүүлсэн шинэлэг санааг тайлбарласан дэлгэрэнгүй танилцуулга;
– Бүтээлийн талаар тухайн салбарын хоёроос доошгүй эрдэмтний шүүмж, эсхүл мэргэжлийн холбооны удирдах төв байгууллагаас бүтээлд өгсөн тодорхойлолт; – Бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачийн танилцуулга;
– Эрдэмтэн, судлаачийн бүтээлийн жагсаалт;
– Бүтээлээс гадаад улсын судалгааны бүтээлд эшлэл авсан бол энэ тухай баримтыг хавсаргаж болно.
Холбоо барих утас: 51-265152