Голомт банк болон МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах зорилгоор “Women Owned” тохирлын тэмдгийг 2023 оноос хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ. Одоогоор эмэгтэй удирдлагатай 50 гаруй аж ахуйн нэгж энэхүү тэмдгийг авсан бөгөөд бараа, бүтээгдэхүүний шошгондоо байршуулаад байгаа юм. Тэгвэл “Women Owned” тохирлын тэмдэг хэрэглэгч байгууллагууд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Магнайбаатар, Скайхайпермаркет ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Бадамханд, Голомт банкны Байгууллага хөгжлийн газрын захирал Ц.Байгалмаа нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Скайхайпермаркет ХХК буюу Имарт сүлжээ дэлгүүрээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг “Women owned” тохирлын тэмдэгт бүхий бизнес эрхлэгчдийг дэмжих хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулж, хэрэгжүүлэх юм.