Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 14-нд болох ажээ. Зарим нэг улс төрчид шатрын холбооны ерөнхийлөгчөөр өөрийн хүнээ тавиулах гэж хөлөө хүрэх газраар гүйж, шатрын холбооны гишүүдийг сэм найрч буй сурагтай. Ингэж найрахдаа миний хүнийг л ерөнхийлөгчөөр тавиарай, орон байраас эхлээд бүхнийг шийднэ гэх мэтийн үгс унагаж байгаа гэдгийг тус спортынхон ярилцаж байна. Гэтэл тэр улс төрч нь төрийн том том албан тушаал дээр сууж байсан нэгэн байх. Үнэхээр шатрын холбоонд өөрийнхөө хүнийг ерөнхийлөгчөөр тавиулж, ерөнхийлөгч болсоны дараа орон байр амлах бус төрийн том албан тушаал дээр сууж байхдаа энэ холбоог өөд нь татах боломж тэр хүнд байсан уу гэвэл тийм. Харин одоо ирж шатрын холбоонд шунаж, ийнхүү улс төртэй хольж хутгаж байгааг гайхах нэгэн олон.
Угтаа бол шатрын холбооныхон ерөнхийлөгчид нь нэр дэвшиж байгаа нэр цэвэр, өөрөө шатрын дэд мастер Х.Батчулуун гэх залууг ихээхэн дэмжиж байгаа аж. Гэвч эсрэг талд нь том улс төрчийн хүн байгаа учраас холбооны зарим хүмүүс эргэлзэж эхэлжээ. Тэдний эргэлзэх шалтгаан нь улс төрчийн халаасны хүний амалж байгаа байр сав, бусад эд хөрөнгөтэй холбоотой гэдгийг ч эх сурвалжууд хэлж эхэллээ. Тэгвэл Х.Батчулуун гэж хэн бэ?
Х.Батчулуун бол шатрын спортын дэд мастер, 2021 оноос хойш Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж улс, аймаг төдийгүй дэлхийн аварга шатарчинг аймгаасаа төрүүлэн гаргаж байгаа энэ спортод элэгтэй, хайртай нэгэн юм. 2022 оноос Монголын шатрын холбооны Дэд ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд монголын шатрын спортыг тив дэлхийд гаргах зорилго тавин ажиллаж буй. Түүнчлэн 21 аймагтаа хүрч ажиллаж, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилгоо болгожээ. Нийт 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шатрын холбооны байр барих, ажилчид цалинжуулах, тэмцээн уралдаан ивээн тэтгэхэд зориулж чадсан. Цаашдаа ч маш олон зүйлийг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мөрийн хөтөлбөртөө дурьдсан байна. Олныг нуршаад яахав та бүхэн түүний мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь уншаарай. Шатар бол оюуны спорт, оюуны их спортоо л улс төрчөөс ангид байлгацгаая. Монголчууд оюуны спортоор дэлхийд цахиур хагалдаг онцгой ур чадвартай тамирчид олонтой. Тэгвэл аливаа спортын холбоодыг тамирчдын төлөө сэтгэл зүрхээ зориулан чин сэтгэлээр ажиллах, дэмжихийн зэрэгцээ багш хамт олноо түшиц туслах хэмжээний гол зүрх нь холбооны тэргүүн байдаг. Энэ ч утгаараа тухайн спортын гал тогоонд чанагдсан, тамирчдынхаа жаргал зовлонг мэдэрдэг хүн л холбоогоо удирдах нь зүйн хэрэг билээ.