Ангиа номын сантай болгож, сурагчдыгаа унших, суух дадалд сургаж буй багш Б.Цэвэлмааг онцолж байна. Түүний хувьд Ховд багшийн их сургуулийг 2022 онд Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр суралцаж төгссөн. Анхны ажил амьдралын гараагаа Нийслэлийн Ерөнхий боловсролын 75-р сургуулиас эхлүүлэн ажиллаж байгаа юм. Өнгөрсөн жил 39 сурагчтай анги дааж авсан байна. Тухайн үед ном уншдаг хүүхэд их ховор байгааг анзаарч, сурагчдынхаа төрсөн өдрөөр ном бэлэглэдэг болжээ. Тодруулбал, ангийн бүх сурагчид төрсөн өдөр нь тохиож буй найздаа мянга, мянган төгрөг бэлэглэдэг байсан ба түүгээр нь ном авч өгдөг байжээ.
Номын сангаа хэрхэн тохижуулсан талаар нь тодруулахад “Ийм бэлэн номын тавиур авах гэсэн чинь үнэтэй байсан. Сая гаруй төгрөгийн үнэтэй байдаг юм билээ. Хэрхэн хямд төсвөөр босгох вэ гэж гэж бодож байтал нэг сурагчийн маань аав 100 айл руу явж хавтан зүсүүлж өгсөн. Бас нэг сурагчийн маань аав ирж угсарч өгсөн. Эцэг, эхчүүд маань энэ номын санг хийж өгсөн гэсэн үг. Хүүхдүүд маань номын сангаасаа өдөр бүхэн ном авч явж уншаад, өдрийн тэмдэглэл хөтөлдөг. Уншсан номын тэмдэглэл бас хөтөлж ирээд шалгуулдаг. Мөн ангийнхан маань хичээл дээрээ огт утсаа оролддоггүй. Өглөө орж ирээд утсаа сагс руу хийчихдэг. Утасны модон сагсыг мөн л өнгөрсөн жил технологийн багшаараа хийлгэсэн” гэлээ.
Одоогоор тэдний шинэхэн номын сан 70 гаруй номтой болжээ. “Nojo” хэвлэлийн газрын хамт олон Б.Цэвэлмаа багштай 7б ангийнханд хэвлэлийн газрынхаа эрхлэн гаргасан номоос бэлэг болгон явуулсан гэнэ.
Багш мэргэжлийн ажлаасаа шантарч, больё гэсэн бодол төрж эсэхийг нь асуухад “Бүр хүсэж мөрөөдсөөр байгаад л багш болсон. Тэгэвч багшаар ажилласан энэ хэдхэн жилд шантрах үе бишгүй л. Арай өндөр цалинтай өөр ажил хийж үздэг ч юм уу гээд л… Гэхдээ хүүхдүүдээ харахаар чаддаггүй. Хүүхдүүдийн тэр гэгээн ертөнцөөс болоод багшийн ажлыг хаяж чадахгүй, дурлан, дурлан ажилладаг” хэмээж байлаа.