Волейболын спорт нь хүүхдийг бага наснаас нь баг, хамт олонч сэтгэлгээтэй болгох, хүнийг хүндлэх гээд л олон талын эерэг үр дүнг өгдөг. Эл спортод 6-7 техник байдаг. Эдгээр техникийн хөдөлгөөнүүд 60-70 хувь нь ямар ч тулгуургүй агаар дээр хийгддэг. Нэг ёсондоо волейболын тамирчин өрсөлдөөний талбар дээр тархиараа хөдөлгөөнөө удирдаж, агаар дээр туршлага, ур чадвараа бүрэн үзүүлдэг гэсэн үг. Монгол улсад хийсэн саяхны судалгаагаар багийн спортоор тэр дундаа хичээллэгчдийн тоогоороо волейболын спорт “тэргүүлжээ”. Эцэг, эхчүүд спортоор хүүхдээ хичээллүүлэх нь маш үр дүнтэй гэж боддог ч яг хэдэн наснаас нь эхлэх, ямар төрлөөр сонгон хичээллүүлэх вэ гэдгээ тэр бүр мэдэхгүй, мөн судалгаагүй ханддаг. Тиймээс эцэг, эхчүүдэд зөв бодитой мэдээлэл хүргэх зорилгоор Монголын хүүхдийн аакадемийн тэргүүн, мэргэжлийн дасгалжуулагч Р.Тамираатай ярилцлаа.
Волейболын спортын хөдөлгөөнүүд 60-70 хувь нь ямар ч тулгуургүй, агаар дээр хийгддэг
Волейбол өөрөө тэр чигээрээ “туршлага”-ын спорт. Хүн туршлагаараа амьдардаг шиг тамирчин хүн яг туршлагаараа цаашаа тоглож явдаг. Тэгэхээр бид нар Олон улсад амжилт гаргахын тулд сууриа, дараагийн залгамж халаагаа маш сайн бэлтгэх хэрэгтэй.
Одоо өнөөгийн нөхцөл байдалд хүүхдээ 12-оос хойш наснаас хичээллүүлэх гээд их шамдаж байна. Үүнийг би “буруу” гэж дүгнэдэг.
Яагаад буруу гэхээр?
1-рт энэ хүүхэд өөрийн гэсэн бие бялдрын хөгжлөө олоод авчихсан байдаг. Өөрийн гэсэн оюун санаатай, өөрийн гэсэн үзэл бодолтой болчихсон, орчноо бүрдүүлсэн хойно нь спорт руу оруулж ирээд байдаг. Мэргэжлийн дасгалжуулагч бид нар энэ хүнийг бүтээх гээд зорьдог. Ингэхийн тулд бага наснаас нь бүтээх ёстой. ХҮн хэзээ бүрэлдэж бий болоод байна гэхээр 3-10 насандаа хөдөлгөөний болон оюун санааны бүх зүйлүүд нь бүрэлдэн бий болдог. Иймээс хүүхдийн яг энэ насыг өнгөрөөчихөөд спортод оруулах нь бид маш их цаг алддаг гэсэн үг.
Эцэг эхчүүд хамгийн их асуудаг асуулт хүүхдээ хэдэн нанаас нь спортоор хичээллүүлэх вэ?
Спортоор хичээллүүлэх гэхээсээ хөдөлгөөний дадал чадварыг олгох хэрэгтэй. Түүнийг юугаар олгох вэ? Би хамгийн түрүүнд “бөмбөг” гэж хэлдэг.Тухайн насны хүүхдийн онцлогт тохирсон бөмбөг бариулаарай гэж зөвлөмөөр байна.
Бид нар шигшээ баг дээр хүүхдүүдтэй ажиллаад ирэхээр гол асуудал нь юу байдаг вэ гэхээр суурь хөдөлгөөнүүдийг бүгдийг нь эзэмшээгүй байдаг. Иймээс дасгалжуулагч бид нар шигшээ багийн тамирчдад суурь хөдөлгөөний чадваруудыг эзэмшүүлэх гэхээр тэр нь тархинаас үүдэлтэй, хамааралтай тийм зүйлүүд байдаг.
Ингэхээр бага насны хүүхдэд хөдөлгөөний дадал, чадварыг эзэмшүүлэх, спортод бэлтгэх энэ үйл ажиллагаа бол хамгийн чухал юм байна гэж харсан. Үүнийг маш олон эрдэмтэд хэлээд, яриад, бичээд, тэмдэглээд үлдээчихсэн байгаа. Бага насны хүүхэд дээр шинжлэх ухааныг хэрэглэж, түүнийг хөгжүүлэх нь маш чухал болчихсон.
“Хөдөлгөөн” гэдэг зүйлийг бид нар нүдээрээ хараад толгой тархиараа удирдаж байгаа. Тархиараа хөдөлгөөнөө удирдаж сурсан хүүхэд бол талбай дээр өөрийгөө хянаж чаддаг.
Спортын дасгалжуулагч бол нөгөө нэг хөдөлгөөний ур чадвар гэдэг зүйлийг суулгах гээд байгаа. Дээрээс нь тархиараа болон нүдээрээ хөдөлгөөнөө удирдах энэ чухал чадваруудыг суулгаж өгөх гээд байгаа юм. Мөн хамт олонтой ажиллах, багаараа ажиллах, тэр хүнийг бүтээх бүх процессыг бүхлээр нь загварчилж төлөвлөдгөөрөө ялгаатай.
-Волейболын спортод “хөдөлгөөн” маш чухал байх?
-Үндсэн хөдөлгөөнүүд байдаг. Жишээ нь волейболын хөдөлгөөнүүд голдуу агаар дээр хийгддэг, тулгуургүй орчинд хийгддэг. Тодруулбал, тулгуургүй орчинд хэвлий, нурууны булчингууд, аарцагны булчингууд чанга, хүчтэй байх тусмаа агаар дээр хөдөлгөөнөө удирдаж чаддаг.
Бид нарын хувьд энэ академиар дамжуулан хүүхдийг бага наснаас нь бие бялдрыг нь хөгжүүлэх, спорт дурлуулах, зөв хүн болгож хүмүүжүүлж төлөвшүүлэхэд зорин ажилладаг.
Дээд түвшиндээ академиас гарсан хүүхдүүдээ “Натур мед бакс” клубтээ хамтран гаргаад эхлээд лигийн түвшинд бэлтгээд гаргаж байлаа. Дараа нь “Минтонет говь” гэдэг клубтэй хамтраад мэргэжлийн багийг энэ жилээс бүрдүүлээд явж байна.
Энэ нь дараа дараагийн үйл ажиллагаануудаа бид нар залгамж холбоотой байдлыг алдахгүй явах нь мах чухал. Тэгэж байж бид энэ систем гэдэг зүйлээ гаргаж ирэх гээд байгаа юм.
Магадгүй Монгол волейбол, монгол школа гэдэг зүйлээр монгол хүний оюун санаанд суурилсан, бие бялдарт тохирсон энэ загвар моделийг гаргаж ирэх нь маш чухал.
-Шинжлэх ухааныг заавал яагаад спорттой хамтад нь холбох ёстой байдаг вэ?
-Шинжлэх ухааныг бид яагаад ашиглах ёстой юм бэ гээд судлаад үзэхээр нэг талдаа спорт. Дүрэмтэй, журамтай, өөрийн гэсэн хэв маягтай, хэлбэртэй. Нөгөө талд нь хүн гэдэг судлагдахуун байгаа. Тэгэхээр хүнээ бид нар өөрсдөө судлахгүйгээр спортоор хичээллүүлэх гээд зүтгээд байгаа нэг ийм зүйл байна. Хүн чинь өөрөө оюун ухаантай, сэтгэл зүрхтэй, бие бялдартай, ийм бүтцээс хамааралтай. Иймээс бид магадгүй энэ хүний сэтгэлзүй, оюун ухаан, бие бялдрыг нь орхиод спортоор нүдээд байж болохгүй. Бид хүний төлөө ажиллаж байгаа учраас шинжлэх ухааныг нь ашиглая гээд буй нь гол учир шалтгаан.
Энэ хүнээ хайрлах, халамжлах, бэлтгэх хэрэгтэй байна. Ийм учраас тамирчны ур чадвар гэдэг зүйлийг бага насанд нь олгосноор бусад техникийн гүйцэтгэл буюу чанарын тухай асуудал ярьж эхэлнэ.
Ярилцсанд баярлалаа.