ЭЭГ-ийн тусламжтайгаар тархины үйл ажиллагааг хэмжих чадвартай ухаалаг шивээс зохион бүтээжээ.
ЭЭГ гэдэг нь Электроэнцефалографи гэсэн үгний товчлол бөгөөд уураг тархины үйл ажиллагааг хэмжих, бүртгэдэг төхөөрөмж.
Энэ нь тархины цахилгаан идэвхжил, долгионыг хянаж, мөн тархины долгион, түүний өөрчлөлтүүдийг илрүүлдэг.
Түүнчлэн, тархины эрүүл мэндээс гадна хүний сэтгэл санааны байдал болон бусад олон хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгдөг төхөөрөмж юм.
ЭЭГ-ийн цахилгаан соронзон мэдрэгчүүдийг тархины гадаргуу дээр суурилуулснаар тархины идэвхжил бүхий долгионуудыг бүртгэж авдаг.
Нэг сонирхолтой зүй бол ЭЭГ-ийн тусламжтайгаар тархины үйл ажиллагааг нарийн шинжлэхээс гадна стресс, депресс буюу сэтгэл гутрал, нойргүйдэл гэх мэт хүний сэтгэл санаатай холбоотой болон неврологийн гаралтай өвчнийг ч оношлох боломжтой аж.
Энэ удаад АНУ-ын эрдэмтэн судлаачид цахилгаан электродгүйгээр хүний тархины үйл ажиллагааг хэмжих боломжтой төхөөрөмжийн загварыг бүтээсэн байна.
Электроэнцефалограф (ЭЭГ)-ийн шинжилгээнд утас бүхий электрод эсвэл тусгай мэдрэгч бүхий малгайг ашигладаг.
Харин, АНУ-ын Техас мужийн Остин Их Сургуулийн эрдэмтэд тархины үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг хэмжих илүү хялбар, илүү хямд төсөр, оновчтой аргыг санал болгосон нь электродуудыг “ухаалаг шивээс”-ээр орлуулжээ.
Судлаачид өвчтөний толгойнд тусгай принтер ашиглан бэхээр зураг зурсан байна.
Шивээс ч гэж нэрлэж болох тэрхүү зурааснуудын зузаан нь 30 микрометр буюу хүний үсний хагас зузаантай тэнцэнэ.
Ийм маш нимгэн бүрхүүл нь тархины үйл ажиллагааг нэлээн нарийвчлалтайгаар хэмжих боломжийг олгодог аж.
Энэхүү шинэ арга нь шинжилгээний зардлыг бууруулж, цаг хугацаа хэмнэх ач тустай гэгдэж байна.
Одоогийн байдлаар электродыг толгойндоо байрлуулахад, мөн тэмдэглэгээ хийхэд хоёр цаг зарцуулдаг.
Судалгааны зохиогчид шинжлэх ухааны “Live Science” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, бэхийг тусгай принтер ашиглан нэг цагийн дотор түрхдэг боловч цаашид энэ хугацааг 20 минут хүртэл болгож богиносгох боломжтой гэдгийг дурджээ.