Ерөнхийлөгч 2025 оны Улсын төсөвт хориг тавьсан. Парламент олонхоороо Ерөнхийлөгчийн төсвийг алдагдалгүй батлахаар хоригийг хүлээж авсан ба 2024.12.10-ны дотор Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Өчигдөр /2024.12.04/ Засгийн газар төсөв алдаагүй байх зарчмыг баримтлан дахин хэлэлцэж, төсвийн төслийг дахин өргөн барилаа.
Шинэчилсэн төсвийн тухай төслөөс харахад, хэрэгжиж эхлээгүй зарим хөтөлбөр, арга хэмжээг зогсоож, зардлыг танахаар болсон байна. Тэдгээрийн дотор Ч.Номин сайдын кино үзэх ваучер тэргүүтэй олон нийтийн шүүмжлэл хүлээсэн хэд хэдэн хуулийн заалтууд багтжээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн багц хамгийн өндөр төсөвтэй сайд нарын тэргүүн эгнээнд бичигдэж байсан ба дараах зардлуудыг нь танахаар болжээ. Тодруулбал,
СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ЗААЛТУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО
• 8.1.Төрөөс үндэсний соёлын агуулгыг судлах, хөгжүүлэх, хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
• 8.2.Үндэсний соёлын агуулгыг түгээх, таниулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг төрөөс үнэ төлбөргүй олгоно.
• 8.3.Энэ хуулийн 8.2-т заасан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг 16-18 насны иргэнд жил бүр олгоно.
• 8.4.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан үндэсний соёлын агуулгыг дэмжих, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичиг олгох, хянах, хэрэглэгчийн статистик мэдээлэлд үндэслэн хязгаарлалт тогтоохтой холбоотой журам болон эрхийн бичгийн санхүүжилтийн хэмжээг Засгийн газар батална.
• 8.5.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд үндэсний соёлын агуулгыг дэмжих зохицуулалтыг Монгол Улсын олон улсын гэрээний хүрээнд хийж болно
• 15.5.Энэ хуулийн 15.4-т заасан эрх бүхий байгууллага соёлын үнэт зүйлийн загварыг ашиглуулснаас бий болсон орлогын тодорхой хувийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.13-т заасан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих санд төвлөрүүлж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, технологийн судалгаа, хөгжүүлэлт, бизнесийн зөвлөх үйлчилгээ, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад зарцуулна.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО
- 9.14.3 Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичиг олгох, хянах, хэрэглэгчийн статистик мэдээлэлд үндэслэн хязгаарлалт тогтоохтой холбогдсон журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуугаас гурван зуун нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянгаас дөрвөн мянган нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр торгоно.
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ЗААЛТУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО
- 11.7.Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг сургалтын хөтөлбөр, агуулгад нь тусгагдсан соёлын боловсрол олгохтой холбоотой сургалтын орчин, техник, тоног төхөөрөмж, хүний нөөц, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээг төрөөс авна.
- 34.3.Төрөөс соёлын бүтээлч үйлдвэрлэлд дараах дэмжлэг үзүүлнэ:
-34.3.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх;
-34.3.2.соёлын бүтээлч үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт төвлөрүүлэх, дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох;
-34.3.3.инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
-34.3.4.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
-34.3.5.соёлын арга хэмжээ, соёлын бараа, үйлчилгээг үйлдвэрлэх, түгээх, хуваарилах арга хэлбэрийг сайжруулж, хүртээмжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИАС ДАРААХ ЗААЛТЫГ ХАСНА
- 3.2 дахь хэсгийн “Кино урлагийг дэмжих сан”, гэснийг 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийн “5.3.13” гэснийг тус, тус хассугай.
- 5.3.9, 5.3.13 дахь заалт, 13 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.
Тайлбалах нь: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан, Кино урлагийг дэмжих сангүй болов.
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ЗААЛТЫГ ӨӨРЧИЛНӨ
- “9.16.5.Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт, зээл олгох арга хэмжээг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах” гэсэн заалтыг “Кино урлагийг дэмжих сангаас олгосон зээлийг эргэн төлүүлэх, зээлийн төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх” болгон өөрчлөх нь.
Тайлбарлах нь: Кино урлагийг дэмжих санг татан буулгаж байгаатай холбогдуулан тус сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг зохион байгуулах үүргийг Кино урлагийн зөвлөлд хариуцлуулахаар болжээ. Өмнө нь олгосон зээлийг улсын төсөвт төвлөрүүлэх нь. Энэ зөвлөлийг Ч.Ундрал даргалдаг.
ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Одоогоор Ч.Номин сайдтай холбоотойгоор төсөвт дээрх байдлаар өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлдөө шинэчилжээ. Энэ нь эцэслэгдээгүй бөгөөд УИХ эцэслэн батлах юм.