НИТХ өнөөдөр 10.00 цагт хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн төслийг батлахаар хэлэлцэх байв. Гэвч уг хуралдааныг олон нийтэд ил мэдээлээгүй бөгөөд хуралдааны шууд дамжуулалт НИТХ-ын албан ёсны хуудсаар дамжуулсангүй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хэвлэлийн албанаас, “НИТХ-ын хурал цагтаа эхэлж хуралдаад дууссан. Хурлын МАН, АН бүлгээс төсвийн тухай саналаа хэлсний дараагаар ирэх оны төсвийг баталсан” гэжээ.
Нийслэлийн төсвийн орлогыг 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой талаар аудитын дүгнэлт гарсан.
- ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор Капитал банкаар дамжуулан 2014 онд 27 төсөлд нэг тэрбум төгрөг, 2015 онд 58 төсөлд 4.6 тэрбум төгрөг, нийт 85 төсөлд 5.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ 2024 оны гуравдугаар улирлын байдлаар үндсэн зээлийн 3.7 тэрбум төгрөгийн зээлийн авлагын үлдэгдэл байна. Дээрх авлагын 30 хувийг ирэх онд барагдуулахад 1.1 тэрбум төгрөгийн орлого олох боломж байна. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн 2014-2017 оны хооронд 123 хадгаламж зээлийн хоршоодод хоёр жилийн хугацаатай 14.3 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд арваннэгдүгээр сарын байдлаар 6.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дээрх зээлийн 30 хувийг барагдуулахад хоёр тэрбум төгрөгийн орлого олох боломж байна.
- НИТХ-ын 2017 оны 05 дугаар тогтоол НЗД-ын 2017 оны захирамжаар ТОСК-ын захиалгаар баригдсан Буянт-Ухаа1 хорооллоос 1,348 м.кв талбайтай 30 айлын орон сууцыг 1.7 тэрбум төгрөгөөр үнэлж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын үндсэн хөрөнгөд бүртгэсэн байна. Нийслэлийн нутгийн захиргааны 15 байгууллагын 30 албан хаагчид дээрх орон сууцыг хуваарилж, 2015 онд төрийн албан хаагчдад орон сууц худалдах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу орон сууцны төлбөрийг 2020 онд төлөх байсан ч 2024 оны гуравдугаар улирлын байдлаар 0.8 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байгааг бүрэн барагдуулах боломжтой.
Нийслэлийн төсвийн зарлагыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах дараах боломжууд байв.
НЗДТГ-ын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр, хураамжийн зардалд төсөвлөлтийн шаардлага хангаагүй, тооцоо судалгаагүй, нотлох баримтаар дэмжигдээгүй 2.1 тэрбум төгрөгийн арга хэмжээг төлөвлөсөн байна.
- Тухайлбал нийслэлийн хэмжээний мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээнд 200 сая төгрөг, Нийслэлийн үнэт цаасны болон өрийн удирдлагын журам боловсруулах, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ авахад 200 сая төгрөг, ах дүү найрамдалт харилцаатай хотуудтай хамтран худалдаа, эдийн засгийн олон улсын форум, арга хэмжээ зохион байгуулахад 1.7 тэрбум төгрөг төсөвлөсөн.
- Нэг удаагийн шинжтэй, тэвчиж болох, үр ашиггүй үрэлгэн зардалд 1.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тухайлбал шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулахад 400 сая, бүтээлч од төсөлд 950 сая, өмгөөллийн хуулийн зөвлөгөө авахад 60 сая, хууль тогтоомжийн судалгаа хийхэд 40 сая, эх оронч сурагч аянд 200 сая төгрөг, дүрмийн санг хөрөнгө гэх нэршилтэй үйл ажиллагаанд 9 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
- Нийслэлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх арга хэмжээний зардалд нотлох баримтаар нотлогдоогүй, хэрэгцээ шаардлага тодорхойгүй, үйл ажиллагааны чиг үүрэг давхардсан арга хэмжээнд 3.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Тухайлбал соёлын эрхийн бичгийн туршилт, үйл ажиллагааг эхлүүлэхэд 100 сая, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг иргэний нийгмийн байгууллага, ТББ, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэхэд 200 сая, бусад арга хэмжээний зардалд 2.9 тэрбум, авлигатай тэмцэх ажиллагаанд 200 сая төгрөг төсөвлөжээ” гэв.