Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар яаралтайгаар хэлэлцэх дэгийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ.
Өмнө нь нэг удаагийн дэгийн төсөл боловсруулах Байнгын хороодын хамтарсан ажлын хэсгийг ахалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуугаар энэ ажлын хэсгийг дахин ахлуулах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ч мөн нэгэнт эхлүүлсэн ажлаа гүйцээн дуусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Цаашид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг одоо нэг удаагийн дэг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллах гишүүн үргэлжлүүлэн хийгээд явбал үр дүнтэй гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хэллээ.
Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж баталлаа. Тогтоолд, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбууг, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Г.Очирбат, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нарыг ажиллуулахаар тусгаж, Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх дэгийн талаарх саналыг маргаашийн дотор танилцуулахыг үүрэг болгосон байна.
Тогтоол батлагдсаны дараа Ажлын хэсэг нэн даруй хуралдаж, төсвийн төслийг яаралтайгаар хэлэлцэх нэг удаагийн дэг батлах тухай саналыг боловсруулан Байнгын хорооны хуралдаанд эргэж танилцуулав. Тус Ажлын хэсэг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авч, хууль, тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулав. Тэрбээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан, тус хуульд заасан үндэслэлээр өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцэхэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан улсын төсвийг хэлэлцэн батлах хугацааг баримтлахгүй байхаар төсөлд тусгасныг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хуулийн төсөлд, тус хуулийг баталсан өдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталж дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөхөөр заасан байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Хамтарсан Засгийн газар сайд нарын багц, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг 10-20 хувь, шинэ хөрөнгө оруулалтуудаас хасаж алдагдалгүй төсөв батлуулахаар бэлтгэж байна.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг танилцуулах бол 11:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарлагдсан байна.