“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Энэ жилийн буюу 2 дахь удаагийн үндэсний тэмцээний аваргууд маань 2024 оны 11 сарын 23-25-ны өдрүүдэд Вьетнам улсын Ханой хотод зохион байгуулагдсан ОУ-ын тэмцээнд Вьетнам, Тайланд, Солонгос, Тайвань, Монгол зэрэг 5 улсын 138 тамирчид оролцсоноос Монгол улсын баг дараах амжилтуудыг үзүүлсэн байна.
Медаль хүртсэн тамирчдын нэрсийг танилцуулбал:
Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн сурагч Г.Гэрэлтуяа Дунд ангийн дрон кодчиллын төрөлд Алтан медаль,
Говь-Алтай аймгийн 3-р сургуулийн сурагч Ч.Шинэжаргал, Б. Галбадрах нар дрон кодчиллын дунд ангийн төрөлд мөнгөн медаль,
Сэлбэ сургуулийн сурагч Г.Өнөбилэг, Г.Сайнцаг нар Ахлах ангийн робот кодчиллын багийн төрөлд тусгай байр,
Дунд ангийн робот кодчиллын багийн төрөлд ГА аймгийн 1-р сургуулийн сурагч Г.Гэрэлтуяа, УБ хотын 11-р сургуулийн сурагч Д.Санчирболд, Говь-Алтай аймгийн 3-р сургуулийн сурагч Ч.Шинэжаргал, Б. Галбадрах нар тусгай байр тус тус эзэллээ.
Хиймэл оюун ухаан алс холын мөрөөдөл байхаа больж, эрүүл мэнд, боловсрол, тээвэр болон бусад салбарт ахиц дэвшил гаргахад түлхэц өгч буй өнөө үед ирээдүй хойч болсон сурагчид хиймэл оюун ухааны технологийг ойлгож, ашиглаж улмаар инновац, дэвшлийг манлайлахад “Робот, дрон кодчилол”-ын сургалт нэн чухал билээ.
Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургууль болон Боловсрол судлалын сургууль хамтран 2023 оноос эхлэн дрон кодчиллын ОУ-ын ээлжит сургалтуудыг явуулж, Монгол улсад анх удаа Дрон кодчиллын үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд 2023 онд БНСУ-ын Намвон хотод зохион байгуулагдсан Дрон кодчиллын ОУ-ын тэмцээнд Монголын баг тамирчид анх удаагаа амжилттай оролцож, ахлах ангийн төрөлд Ulaanbaatar Empathy School -ийн 10в ангийн сурагч Б. Анар-Эрдэнэ дунд ангийн төрөлд 3р байр эзэлж хүрэл медаль, МУБИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын сургуулийн 11б ангийн сурагч Н.Хосбаяр ахлах ангийн төрөлд амжилттай оролцож 4-р байранд шалгарч байсан юм.