2025 оны Нийслэлийн төсвийн 85.9 хувийг татварын орлогоор бүрдүүлнэ гэж төсвийн төсөлд тусгасан байна. Энэ нь 2024 оны төсвөөс даруй 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Тэгэхээр ирэх онд нийслэлийн хариуцах татварууд нэмэгдэх нь ойлгомжтой боллоо. Одоогоор төсвийн төсөлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэхээр тусгаад байна. Хэрвээ үүнийг НИТХ-аар дэмжвэл ирэх оноос мөрдөж эхэлнэ. Тиймээс уг тогтоолын төслийг иргэд, олон нийт хэрхэн хүлээж авч байгааг тодрууллаа.
ЖОЛООЧ НАР:
“Шууд ингэж огцом нэмэх нь буруу гэж бодож байна. Эхлээд замынхаа нөхцөл байдлыг сайжруулаад чанартай замаа засчхаад дараа нь ингэж бага багаар нэмбэл бид дургүйцэхгүй. Ямар нэг мөнгө угаалтын мөнгийг ард иргэдийнхээ халааснаас нөхөж авах гээд байна гэж хардаж байна.”
“Татвар нэмэх нь тийм ч оновчтой шийдвэр гэж бодохгүй байна. Бид татварыг яаж ийгээд төлнө. Гэвч төлсөн татварын үр ашиг бидэнд харагдаж, мэдрэгддэггүй шүү дээ.”
“Татвар нэмлээ гэж бодоход замын сангийн мөнгө нь яг замдаа зарцуулагдаад түгжрэлийг бууруулахад нөлөөлдөг бол татгалзах зүйлгүй өгнө. Гэтэл тиймгүй идэж уугаад өнгөрдөг учраас энэ шийдвэрийн эсрэг байр суурьтай байна”
Энэ мэтээр иргэдийн яриа хөвөрсөн бөгөөд үүнээс анзаарахад иргэд татвар, төлбөр төлөхдөө биш үр ашиггүй зарцуулалтад унтууцан тус тогтоолын төслийн эсэргүүцэж байгаа юм
Өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто замын төлбөрийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д танилцуулсан.
Энэ үеэрээ “Статистик мэдээллээр Улаанбаатар хотын замын үндсэн хөрөнгийн үнэлгээ 1.5 их наяд байснаас 10 жилийн хугацаанд засвар шинэчлэлт хийгдэхгүй тохиолдолд 420 тэрбум төгрөг болж үнэлгээ буурахаар байна.
Авто тээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг хувь хэмжээг шинэчлэн тогтоохдоо автобусны татварын хувь хэмжээг бууруулж, цахилгаан тэжээлт авто машины татварын хувь хэмжээг 0 хувь байхаар тогтоож, бусад авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн хувьд 2010 оноос хойш татварын хувь хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй 14 жил болсон байна.
Авто зам ашигласны төлбөр, авто тээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн татварыг нэмэгдүүлж тогтоосноор нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, өргөтгөн шинэчлэх, түгжрэлийг бууруулах, арчлалт, урсгал зардал, техник технологийг шинэчлэхэд зарцуулна.
Ирэх онд авто тээврийн болоон өөрөө явагч тээвсрийн хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг одоо дагаж мөрдөж буй тарифаас 5 дахин тогтоосноор нийслэлийн замын сангийн орлого 151.5 төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа.” гэж танилцуулсан.
Нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, тээврийн хэрэгслийн албан татвар авто зам ашигласны төлбөрийг нэмэх асуудлыг намын бүлгээр хэлэлцүүлэхээр шилжүүлсэн юм. НИТХ дахь АН, МАН-ын бүлэг өнөөдөр /12 угаар сарын-3/ хэлэлцэх бол хоёрдугаар хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 4-ний өдөр НИТХ-аар хэлэлцэхээр товлосон юм.