Авто тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-д танилцуулаа.
Тэрбээр “2013 оноос хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварт өөрчлөлт оруулаагүйг дурдсан юм. Мөн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр замын сүлжээг өргөтгөж, арчлалт сайжран түгжрэл бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ” гэлээ.
Ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заагдсан хязгаарын хүрээнд 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг одоо мөрдөж буй тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоосноор нийслэлийн замын сангийн орлогын эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.
Нийслэлээс автомашинд ногдуулах албан татварыг дараах байдлаар нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Албан татвар:
“Приус” 36000-аас 108000 төгрөг,
“Лексус 570” 188100-аас 564300 төгрөг,
“Портер” 30000-аас 75000 төгрөг,
“Ланд Круйзер 200” 151800-аас 455400 төгрөг.
Зам ашигласны төлбөр:
2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000 төгрөг
2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000 төгрөг
4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000 төгрөг
Хэрвээ үүнийг НИТХ-ын төлөөлөгчид дэмжвэл ирэх оноос мөрдөж эхэлнэ.