“Volkswagen” (Фольксваген) компанийн Үйлдвэрчний Эвлэлээс өнөөдөр буюу 12 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тус компанийн нийт ажилчид ажил хаялт зарлах болсноо мэдэгдлээ.
Ажил хаях болсон гол шалтгаан нь ажлын байрны хомсдолтой холбоотой. Тиймээс, бүх үйлдвэрүүд дээр “анхааруулах” ажил хаялт зарлахаар болсон талаар Доод Саксон мужийн Үйлдвэрчний Эвлэлийн төлөөлөгч Торстен Грегер мэдээллээ.
Ажил хаялтыг компанийн бүх үйлдвэрүүд дээр нэгэн зэрэг хийнэ гэж төлөвлөсөн байгаа ч Үйлдвэрчний Эвлэлийн төлөөлөгч бусад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Ажилчид болон компанийн хооронд байгуулсан гэрээний хугацаа нь өчигдөр буюу 12 дугаар сарын 1-ний Ням гарагийн шөнө дууссан юм байна.
“Volkswagen” (Фольксваген) компанийн удирдлагын зүгээс өнөөдөр эхлэх ажил хаялтад урьдчилан бэлдэж, үйлчлүүлэгчид, түншүүд болон үйлдвэрийн үйл ажиллагаанд үзүүлэх үр нөлөөг багасгахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.
Вольфсбург хот дахь компанийн төлөөлөгчийн хэлснээр, “Volkswagen” (Фольксваген) автомашины яаралтай нийлүүлэлтийг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэсэн юм.
Үйлдвэрчний Эвлэл болон компанийн удирдлагын хооронд дараагийн гэрээ хэлэлцээрийг энэ сарын 9-нд байгуулахаар товложээ.
Харин, 10 дугаар сарын сүүлээр компанийн зүгээс ажилчдын цалин хөлсийг 10 хувиар бууруулах санал тавьсан.
Түүчнлэн, үүнээс өмнө “Volkswagen” (Фольксваген) компанийн Үйлдвэрлэлийн зөвлөлийн дарга Даниэл Кавалло хэлэхдээ, Герман дахь гурван ч үйлдвэрийг хааж, нийт 120 мянган ажилчдын тоог цөөлж, ажлаас нь халах төлөвлөгөөтэй байгаагаа анхааруулан мэдэгдэж байсан.
“Volkswagen” (Фольксваген) компани санхүүгийн хувьд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд бүтцийн өөрчлөлт хийхээс өөр сонголтгүй гэж үзэж байгаа.
Гэсэн ч, Германы Засгийн газар ажлын байрыг аль болохоор хадгалж үлдэхэд анхаарч байгаа юм. 2024 оны гуравдугаар улирлын эцэст “Volkswagen” (Фольксваген) компанийн үйл ажиллагааны ашиг даруй 42 хувиар буурч, 2.86 тэрбум Еврод хүрчээ.