УИХ ирэх жилийн төсвийн хоригоос ч илүү анхаарал хандуулж хурдан хэлэлцэж буй хуулийн төсөл бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах төсөл юм. Парламентад суудалгүй намуудаар халхавч хийж, хуулийн хугацааг хойшлуулж, ганхаж буй намын даргын суудлаа хадгалах гэсэн парламентад суудалтай намын дарга нар хууль хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулах хүсэлт өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд чамгүй яригдлаа.
Зөвхөн хуулийн хугацааг хойшлуулах асуудлыг олон сонгууль болсон зэрэгтэй холбон тайлбарлаж байгаа ч цаана нь Улсын дээд шүүхэд өнөө бүртгэлтэй 37 намын бүртгэлийн асуудал яригдаж байгаа бөгөөд өнгөрөгч сонгуулиар парламентад суудал авсан болон нийт сонгогчдын 1-ээс дээш хувийн санал авсан намууд 2025 оны төсвөөс ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ авах эрхийн асуудал хөндөгдөх учраас бүгд л хуулийн хугацааг хойшлуулахаар зүтгэж буй.
ЕСӨН НАМД 2025 ОНЫ ТӨСВӨӨС НИЙТ 6,691,885,200 ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО
Өнгөрөгч УИХ-ын ээлжит сонгуулиар сонгогчид саналаа тойрогт нэр дэвшигчид болон улс төрийн нам, эвсэл гэсэн сонголтоор өгсөн билээ. Нам, эвсэлд өгсөн нийт сонгогчдын саналыг задалбал, МАН-д 35 хувь, АН-д 30.1 хувь, ХҮН намд 10.4 хувь, “Үндэсний эвсэл”-д 5.2 хувь, Иргэний зориг ногоон намд 5 хувийн санал авснаар УИХ-д төлөөлөлтэй болсон.
УИХ-д төлөөлөл нь сонгогдсон дээрх намуудаас гадна нийт сонгогчдын 1-ээс дээш хувийн санал авсан таван нам бий.
2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж буй Улс төрийн намын тухай хуульд нийт сонгогчдын 1-ээс дээш хувийн санал авсан улс төрийн нам, эвсэл төрөөс санхүүжилт авах эрх нээгдсэн. Тэгэхээр УИХ-д төлөөлөлтэй болсон таван намд дээр 1 хувийн босго давсан “Шинэ нэгдсэн эвсэл” 4.8 хувь, “Үнэн ба зөв” нам 2.8 хувь, “Иргэний хөдөлгөөний нам” 1.4 хувь, “Бүгд Найрамдах нам” 1.3 хувийн дэмжлэг авсан байна. Ингэхээр нийт 9 нам, эвсэл улс төрийн намын санхүүжилт авах юм.
Төрийн санхүүжилтийн мөнгийг 2025 оны төсөвт суулгасан. Намуудад санхүүжилт олгохдоо парламентад авсан суудал, нийт сонгогчдын авсан санал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр дэвшүүлсэн байдал гэх мэт шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэх бөгөөд ирэх жил шалгуур хангасан долоон намд санхүүжилт олгохоор болжээ. Санхүүжилтийг олгохдоо Сонгуулийн ерөнхий хороо хараат бус хуулийн аудитаар улс төрийн намуудыг бүхэлд нь дүгнэлт гаргуулна. Тухайн тайланг СЕХ хянаж, Үндэсний аудитын газарт хүргүүлнэ. Тус газраас СЕХ-нд тайланг ирүүлж, жил бүрийн тавдугаар сарын 15-ны дотор СЕХ-ноос улс төрийн намын тайланг УИХ-д мэдээлж, олон нийтэд танилцуулна. Үүний дараа санхүүжилт олгох юм байна. Хуульд улс төрийн намууд санхүүгийн тайлангаа хагас болон бүтэн жилээр гаргаж өгөх ёстой. Энэ хугацаандаа тайлангаа ирүүлээгүй бол тухайн намын саналын тоогоор олгосон санхүүжилтийг олгохгүй. Мөн хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, таван жил тутам Удирдах зөвлөлөө хуралдуулаагүй тохиолдолд улс төрийн намуудыг идэвхгүй болгоно гэж Улс төрийн намын тухай хуульд заасан. Ингэснээр УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болох юм.
Улс төрийн намууд хурлаа хийж, дүрэм журмаа батлан Улсын дээд шүүхэд бүртгүүлэх нь Улс төрийн намын хуулиар энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн байхад өдгөө юу ч хийгээгүй хариуцлагагүй намуудыг бүртгэхгүй байх хэрэгтэй эсвэл төрийн санхүүжилтийг нь өгөхгүй байх хэрэгтэй гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлж байгаа юм.
ДОТРОО ДҮРМЭЭ ШИНЭЧИЛЖ, УЧРАА ОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НӨХДҮҮДЭД ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ ӨГӨХӨӨР ЭРГЭЭД УЛСЫН ХӨРӨНГИЙГ ҮРЭН ТАРАН ХИЙНЭ
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан
“Дүрмээ шинэчлэх хугацааг хойшлуулах юм бол санхүүжилтийг нь мөн хойшлуулбал яасан юм бэ гэж. Улсын төсвөөс өгдөг дэмжлэг, санхүүжилтийг нь хамтад нь оруулж ирвэл яасан юм бэ? Дотроо дүрмээ шинэчилж, учраа олж чадахгүй байгаа нөхдүүдэд төсвөөс санхүүжилт өгөхөөр эргээд улсын хөрөнгийг үрэн таран хийх юм биш биз дээ? Дүрэм журмаа шинэчилсэн намууд нь санхүүжилтээ авах эрх нь нээгддэг. Дүрэм, журмаа шинэчилж чадахгүй нөхдүүд нь санхүүжилтээ авдаггүй байвал яасан юм бэ?”
СЕХ-ООС ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ХИЙГЭЭД ДОЛОО НАМД, ШААРДЛАГА ХАНГАСАН НАМУУДАД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ АЖИЛ ХИЙГДЭЖ БУЙ
ХЗДХЯ-ны Хэлтсийн дарга Н.Жамъянхүү
“Төрөөс санхүүжилт олгох нь Сонгуулийн ерөнхий хороо гардан зохион байгуулна. Одоогоор дүрэм, журамд өөрчлөлт оруулсан эсэхээс үл шалтгаалан Улс төрийн намын тухай хуулийн дагуу СЕХ-оос зохион байгуулалтын ажлыг хийгээд долоо намд, шаардлага хангасан намуудад санхүүжилт олгох ажил хийгдээд явж байна. Үүн дээр ямар нэг санхүүжилт олгохгүй байх гэсэн хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй. Энэ ажил хийгдээд явж байгаа.”