
Ирэх онд 27 их наядын урсгал зардалтай улсын төсвийг баталсан ч Монгол улсын ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Тиймээс 2025 оны төсвөө ахин хэлэлцэхээр болоод байна. Энэ үеэр мөн нийслэл 2025 оны төсвийн төслөө НИТХ-д өргөн бариад байгаа юм.
2025 оны Нийслэлийн төсвийн тухайд орлого зарлага нь яв цав тэнцсэн төлөвлөгөө гаргажээ.
Тодруулбал, Нийслэл төсвийн төлөвлөгөөндөө ирэх 2025 онд төсвийн суурь орлогыг 3.226.4 тэрбум төгрөг, суурь зарлагыг 3.226.4 тэрбум төгрөг байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус төлөвлөсөн байна.
417.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УТАА, ТҮГЖРЭЛ ЗЭРЭГ НИЙСЛЭЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛД ЗАРЦУУЛНА
- Нийслэлийн авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж чанар, стандартыг сайжруулах арга хэмжээний хүрээнд 345 тэрбум 264 сая төгрөг,
- Түгжрэлийг бууруулах судалгаа хийж, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх ажилд 12 тэрбум 24 сая төгрөг,
- Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 60 тэрбум 460 сая төгрөгийг тусгасан байна.
2025 оны Нийслэлийн төсвийн хамгийн өндөр зарлагуудыг дурдвал:
- Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол төсөлд 1 их наяд 646 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Энэ нь нийслэлийн нийт төсвийн 51 хувьтай тэнцэж байгаа юм. Ингэхдээ төслийг нийслэлийн гадаад бондоор хэрэгжүүлэхээр тусгажээ.
- Авто замын салбарт 881.4 тэрбум төгрөгийг төсөвлөснөөс зөвхөн Туулын хурдны замын ажилд 68 хувь буюу 600 тэрбум төгрөгийг нь хуваарилсан байна.
ТӨСВИЙН ТАТВАРЫН ОРЛОГЫН БҮРДҮҮЛЭЛТ 55.9 ХУВИАР ӨСЧЭЭ
2025 оны Нийслэлийн төсвийн 85.9 хувийг татварын орлогоор үлдсэн 14.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. 2024 оны төсөвт ердөө 30 хувийг татварын орлогоор бүрдүүлж байв. Тиймээс ирэх онд нийслэлийн хариуцах татварууд нэмэгдэх нь ойлгомжтой боллоо. Одоогоор төсвийн төсөлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэхээр тусгасан байгаа юм.