Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Европын Холбооны санхүүжилттэй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийг эхлүүллээ. Уг төслийг иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор шүүх салбарын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, улмаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор 24 сарын хугацаатай хэрэгжүүлэх юм.
“Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн нээлт өнөөдөр болж, төслийг хэрэгжүүлэх байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүх, Шүүхийн академи, Шүүхийн сахилгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо болон Хэвлэлийн хүрээлэн, Глоб Интернэшнл Төвүүд хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Л.Энхбилэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
Хэдийгээр хэвлэлийн байгууллагууд маань шүүхийн үйл ажиллагааг хэрэгжүүлж таниулж байгаа боловч иргэдэд ил тод нээлттэй хүртээмжтэй байх тал дээр бид дутуу дулимаг ажилласан байна. Энэ төсөл хэрэгжсэнээрээ иргэд шүүхэд итгэх итгэл нэмэгдэнэ. Дээр нь таниулах сэтгүүл зүй хөгжинө гэж бид харж байгаа. Энэ төслийн үйл ажиллагаанд хамтрагч байгууллагаар оролцож байгаадаа баяртай байна. Төсөл маань 2 жилийн хугацаанд хэрэгжээд иргэд маань шүүхэд итгэх итгэл нэмэгдэж шүүхийн үйл ажиллагаа ил тод болж энгийн байдлаар иргэд шүүхийн үйл ажиллагааг ойлгодог хэмжээнд хүрнэ гэсэн итгэлтэй байна.
Н.Баярмаа Улсын дээд шүүхийн иргэний танхимын шүүгч
Шүүх өөрөө үйл ажиллагаагаа олон нийтэд зөв таниулж чадаж байна уу. Олон нийт хаанаас ямар эх сурвалжаас мэдээлэл аваад байна. Энэ асуудал дээр бид нар гол анхаарлаа хандуулах ёстой юм байна. Энэ чиглэлээр сэтгүүлчдийг бид нар мэргэшүүлэх хэрэгтэй. Үүнд туслалцаа үзүүлсэн цогц арга хэмжээ хийх ёстой юм байна. 10-аад жил Шүүхийн ерөнхий зөвлөл , Улсын дээд шүүх бусад байгууллагууд сэтгүүлч нарыг сургах талаар ажил зохион байгуулж байсан. Гэвч энэ нь үр дүнд хүрч байгаагүй учир энэ цогц арга хэмжээний хүрээнд нааштай үр дагавар гарах болов уу гэсэн төсөөлөл байна.
М.Мөнхмандах Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал
Монголд төдийлөн хөгжиж нутагшиж чадаагүй байгаа шүүхийн сэтгүүл зүйн, шүүхийн талаар олон улсын хэм хэмжээнд хэрхэн яаж мэдээлдэг арга барилд суралцахад энэ төсөл дэмжлэг үзүүлнэ. Нөгөө талаар шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны хүмүүстэй хамтарч ажиллах, эдгээр хүмүүсийг чадавхжуулах мөн иргэний нийгмийн байгууллагуудад шүүхтэй хамтран ажиллах тал дээр дэмжлэг үзүүлэх зэрэг ийм хэд хэдэн том ажлуудыг тусгасан байгаа.