Цагаан сар, мартын 8, цэргийн баяр, инээдмийн баяр, эх үрсийн баяр, үндэсний их баяр наадам, есөн сарын 1, ахмадын баяр, шинэ жил гээд бидний тэмдэглэлт баяр дуусашгүй. Заримдаа ч бүр яг ямар өдөр болоод бүх нийтээр амарч буйгаа мэдэхгүй л… Хүүхдүүдээ асуухад, нарийн ч тайлбарлаад өгөхгүй. Гэхдээ одоо ч техник, технологи хөгжөөд юм сайхан болжээ.
Харилцан ярианы хэлбэрээр харилцаж, хүн шиг хариулт өгөх чадвартай ChatGPT-ээс хүссэн бүхнээ асуучихдаг болж.
Өнөөдөр яагаад, ямар учраас амарч буйгаа нарийн сайн мэдэхгүй байгаа бол, хүүхдүүддээ тайлбарлаж өгөх хэмжээний ойлголтгүй, боломжгүй байгаа бол та ч бас туршаад үзээрэй.
-11 сарын 26-нд ямар өдөр вэ. Яагаад бүх нийтээр амардаг вэ?
-2024 оны 11 сарын 26-нд Мягмар гараг болно. Энэ өдөр Монгол Улсад Тусгаар тогтнолын өдөр хэмээх баярын өдөр тохиож байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтээр амардаг. Тусгаар тогтнолын өдөр нь 1911 оны 12 сарын 29-ний Монголын тусгаар тогтнолыг тунхагласан өдөртэй холбогддог. Энэ өдөр Монголын ард түмэн Хятадын эзэрхийллийн эсрэг тэмцсэн ба тусгаар тогтнолын асуудлыг хамгийн анх шийдэж, тусгаар улс болох үндэс суурийг тавьсан түүхтэй.
Дээрх асуултад ChatGPT ингэж хариулж байна.
Тун товчхоноор хэлэхэд, өнөөдөр бол Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр. 1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулж, хоёрхон сарын дараа буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хууль батлагдсан юм.
Ийнхүү хуулиа яаравчлан баталсны цаад учрыг Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар “Энэ үйл явдал бол бид тусгаар улс гэдгээ хөрш орнуудын тулгалт шахалтыг эс хайхран олон улсад мэдэгдсэн хэрэг болсон юм. БНМАУ-ыг тунхагласны үнэ цэн нь энд оршино. Үүгээр монголчууд үндэсний аюулгүй байдлаа хангах үйлсдээ бас нэг алхам урагш ахисан юм” хэмээсэн юм.
Мөн энэхүү Үндсэн хууль нь дараа дараагийн Үндсэн хуулиудыг боловсруулан баталж гаргахад онол, арга, зүй, практикийн асар их ач тус бүхий тулгуур суурь болсон билээ.
ТЭГВЭЛ ЯГ ХЭЗЭЭНЭЭС ЭНЭ ӨДӨР АМАРДАГ БОЛСОН БЭ ГЭЖ ҮҮ?
2016 оноос эхлэн эл өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.
Эргэн сануулбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нарын гишүүд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан ба тухайн үеийн УИХ дэмжсэнээр жил бүрийн энэ өдөр бүх нийтээр амардаг болов.
Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласан энэ өдөр монгол бөхийн барилдаан болдог. Улсын баяр наадмын барилдаан 1925 оноос, цагаан сарын барилдаан 1963 оноос эхэлж байсан бол Улс тунхагласны ойн барилдаан 1990 оноос хойш тогтмол болж буй. Хамгийн анхныхыг нь Спортын төв ордонд 1984 онд зохион байгуулсан ба дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ.
Монгол Бөхийн Өргөөнд болдог уламжлалт барилдааны нэгд тооцогдох тус барилдаанд хамгийн олон түрүүлсэн хүн бол Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр зургаан удаа түрүүлсэн амжилтаар нэгт бичигдэж байна. Харин 2001 оноос хойш хамгийн олон түрүүлсэн бөх улсын аварга Ч.Санжаадамба. Тэрбээр 2010 онд цэргийн арслан цолтой байхдаа түрүүлж байсан бол түүнээс хойш 2013, 2015, 2016, 2017 онд өнгөлжээ. Түүнчлэн дархан аварга Г.Өсөхбаяр (2005, 2007), улсын гарди И.Доржсамбуу (2004, 2008), улсын аварга П.Бүрэнтөгс (2012, 2022) нар тус бүр хоёр түрүүлж байв.
Хамгийн олон түрүүг Архангай аймгийн бөхчүүд, хамгийн олон үзүүрлэсэн нь Увсын бөхчүүд байна.
Өнөө жилийн барилдаанд 2021, 2022, 2023 онд өнгөлж барилдсан Б.Орхонбаяр, П.Бүрэнтөгс, Б.Бат-Өлзий, 2022 онд үзүүрлэсэн О.Хангай нар барилдахаар бүртгүүлжээ. Тэдний нэг нь өнөөдрийн барилдааныг өнгөлнө. Эсвээс Булган, Хөвсгөлийн бөхчүүдээс нэг нь түрүүлнэ гэдгийг түүхэн график бидэнд хэлж байна.
Баасанжав гээд хүү
Орхоо түрүүлнэ
Хөвсгөлөөс байхаа