“Болор цом” наадам маргааш /2024.11.26/ болох гэж байна. Өнөө жилийн наадамд түрүүлэх хүн Монголын Зохиолчдын эвлэл /МЗЭ/-д 5 сая төгрөг төлсөн гэх мэдээлэл сошиалд цацагдаад буй билээ. Эл асуудалд тайлбар авахаар МЗЭ-ийн Орлогч дарга П.Нямлхагватай уулзаж, тодрууллаа.
-Энэ жилийн “Болор цом” наадамд сэтгүүлч хүн түрүүлүүлнэ. 5 сая төгрөгийн хахууль өгсөн гэсэн мэдээлэл яваад байна. Үүнд та бүхнээс тайлбар авах гэж ирлээ. Энэ мэдээлэл үнэн үү?
-“Болор цом” яруу найргийн наадам 42 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Зохион байгуулагдсан цагаас л “Тийм хүн түрүүлэх юм байна. Тийм хүнийг дэмжиж байгаа юм байна. Тэдэн төгрөгийн хахууль авсан юм байна” гэсэн дэл сул яриа гарсаар л байсан. Би нэг юманд л их эмзэглэж байна. Баримттай ярьдаг, шударга дугардаг СГЗ, нөлөө бүхий том сэтгүүлч ийм болчимгүй мэдээлэл хийж, ард түмнийг төөрөгдүүлж буйд эмзэглэж байна. Хатуухан ч гэсэн үнэнийг дугарах цаг болжээ. “Болор цом”-д 150-200 орчим яруу найрагч шүлгээ ирүүлснээс 25-ыг нь тэнцүүлчхээр, хасагдсан хэд нь хор шар, уур бухимдлаа ийн гаргадаг. Ийм л юм боллоо, сая.
-Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд хэн, хэн байсан бэ. Хүйсийн хувьд харахаар ихэнх нь эрэгтэй шүүгчид байдаг. Эмэгтэй шүүгч цаасан уншлагын шатанд суусан уу?
-Эхний шатны шүүлт дээр нь Утга зохиол судлаач, доктор Г.Батсуурь, Утга зохиол судлаач, Их сургуулийн багш Х.Чойдогжамц, Монголын радиогийн захирал байсан Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан, МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт О.Энхжавхлан, мөн миний бие суусан. Нэг эмэгтэй шүүгч байсан гэж ойлгож болно.
-Ноднин, уржнан шүүж байсан хүмүүс шүүгчдийн бүрэлдэхүүнд өнөө жил бас байна. Л.Аюурзана, Л.Өлзийтөгс, Д.Оюунчимэгийг ч юм уу уншлагын шатыг нь шүүгээд өгөөч гэж хандаж байв уу, МЗЭ?
-Яг сүүлийн 4 жилд хандаж байгаагүй. Өмнө нь бол, би сонсож л байсан. Хандаж байсан ч татгалзаж байсан гэж…
-Шүүгчдийн бүрэлдэхүүнд тэр, тэр байх ёстой гэдгийг хэн эцэслэн баталдаг юм бол?
-Ажлын албаныхан Б.Ичинхорлоо даргатай мөн Шүүмж судлалын үндэсний төв, Яруу найргийн үндэсний төвийн гишүүдтэй зөвлөлдөж байж шийддэг.
-Цаасан уншлагын шатны таван шүүгч маргааш тайзны уншлагын шатыг шүүх үү. Эсвэл шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу?
-Өөрчлөгдөнө. Маргааш шүүх шүүгчид өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй л байна. Хүнд итгэхийн аргагүй болтол бидэн рүү дайрч доромжилж байгааг хараад бид сэрэмжилж байна. Нэг хүнийг шүүгчээр томилчихдог. Өнөөх нь ийш тийш утасдаад, “За, эгч нь шүүж байгаа шүү. Дүү нь шүүж байгаа шүү. Тэдэн төгрөг өгөөрэй. Маргааш би хамгийн өндөр оноог өгнө” гээд яриад явбал яана гэсэн болгоомжлол төрж байна.
-Маргааш “Болор цом” наадам болох гээд байдаг. Гэтэл шүүх шүүгчийн нэр тодорхой болоогүй байна. Энэ хэзээ эцэслэгдэж, тодорхой болох вэ?
-Өнөөдөр орой юм уу маргааш өглөө эцэслэнэ. “Яг одоо боломжтой бол та ирээд шүүгээд өг” гээд шууд л утас цохино доо. Шүүхээр дотогш ороход нь утсыг нь хурааж аваад оруулчихна.
-Хэзээнээс шүүгчдийг утасгүй оруулдаг болсон бэ. Нууц биш бол шүүгчдийг хэдэн төгрөгөөр урамшуулдаг вэ?
-Бид сүүлийн 2 жил утсыг нь хурааж аваад оруулаад байгаа. Бид шүүгчдийг тодорхой түвшинд урамшуулна. Ер нь бол төсөв өртөг маш багатай наадам шүү дээ. Энийг зохион байгуул гээд төрөөс мөнгө өгдөггүй. Соёлын яам Соёлын бүтээлч үйлдвэрлэл, Соёлын бүтээлч сарынхаа хүрээнд хэдэн төгрөг өгдөг. Тэр нь түрээснийнхээ мөнгөнд явчихдаг. Шагнал урамшууллын хувьд ч гэсэн бид хүссэн хэмжээндээ урамшуулж чадахгүй л байна.
-Болор цом”-ыг уралдуулдаг биш зүгээр л уншлагын наадам болгож болохгүй юу. Өөрөөр зохион байгуулах гэсэн бодол, төлөвлөгөө яригдсан уу?
-Хүн бүхэнд л “Болор цом”-ыг өөрчлөх юм сан, шинэлэг уур амьсгал оруулах юм сан гэсэн бодол байдаг байх. Гэхдээ ард түмний дунд, зохиолч уншигчдын дунд олон жил уламжлал болоод явчихсан юмаа хамаагүй сэтгэлийн хөөрлөөр өөрчилж болохгүй л дээ. Өөрөөр хэлбэл, энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг сүмо шиг дугуй талбайд явуулна гээд шууд шийдээд барилдуулчихвал ямар түвшинд хүрэх үү. Ямар эсэргүүцэлтэй тулах уу. Түүнтэй л адилхан. Хүн харахад хэдэн яруу найрагчид шүлэг уншаад, тэрийг дагасан хэл ам гараад байдаг юм шиг болов ч энэ чинь ард түмний дунд олон жил яваад ирсэн уламжлалт оюун санааны их цэнгэл байхгүй юу. Хүний оюун санаа юугаар цэнгэдэг юм бэ гэхээр “Болор цом” наадамд уншиж байгаа шүлгийн айгаар цэнгэдэг юм.