УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувийн саналаар хоригийг хүлээн авсан.
Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан төсвийг хэлэлцэхдээ УИХ-аас парламентад суудалтай намуудын төлөөлөл болон гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан ажиллахаар болсон.
2025 оны төсөвт тавьсан хоригийн хэлэлцүүлгийг явуулахад нэн түрүүнд дэгийн талаар тодорхой хуулийн зохицуулалт шаардлагатай болсон.
Парламентын түүхэнд, Ерөнхийлөгчийн зүгээс Төсвийн хуульд есөн удаа хориг тавьж байснаас зургаад нь бүхэлд нь, гуравт нь хэсэгчлэн хориг тавьж байжээ.