Улаанбаатар хотын бондын арилжаа эцэслэгдэж, $500 саяыг гадаадын зах зээлээс босголоо. Бондын эх үүсвэрийг Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад үе шаттай зарцуулна.
Нийслэл Улаанбаатар хотын бондын арилжаа амжилттай эцэслэгджээ.
7.75 хувийн купонтой, 2027 оны наймдугаар сард хугацаа нь дуусах тус бондыг Австри улсын Хөрөнгийн биржид гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас 500 сая ам.доллар татан төвлөрүүлжээ. Засгийн газрын баталгаатай, “B” зэрэглэлийн энэхүү бонд нь 99.9 ам.долларын үнэлгээтэй гарснаас хойш ханш нь 1.3 хувиар өссөн үзүүлэлттэй. Өгөөжийн хувьд 6.6 орчим хувьтай байна.
Бондын эх үүсвэрийг Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад үе шаттай зарцуулна гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлж байсан. Сэлбэ дэд төвийн төслийн хүрээнд 158 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж, 12 мянган айлын орон сууцыг барихаар төлөвлөж буй.
Үүнээс өмнө анхны орон нутгийн бонд болох Улаанбаатар хотын бондыг санал болгож, эхний ээлжид Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 500 тэрбум төгрөг босгосон юм. Үүнээс 300 орчим тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд зарцуулахаар төлөвлөсөн бол үлдсэнийг нь авто зам, шинэ цэвэрлэх байгууламжийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл, үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.