Манайд илрээд байгаа ураны ордууд Франц, ОХУ, Япон, Хятад зэрэг орны сонирхлыг өөрийн эрхгүй татаж байна. Өнөөгийн байдлаар манайд 63 мянган тонн ураны нөөц тогтоогдсон юм. Энэ чиглэлийн хайгуул, судалгаа үргэлжилж буй билээ. Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутагт орших “Дорнод”, “Мардайн гол”, “Гурван булаг”-ийн ураны ордууд нь ойрхон байрлалтай стратегийн ач холбогдол бүхий бүлэг орд. Тус ордуудын ураны баталгаажсан нөөц Дорнодын ордод 28868 тонн, Гурванбулагт 16073 тонн, Мардайд 1104 тонн буй. Нийт 53807 га талбайг хамрах эдгээр ордын ураны хүдрийн нөөц 27 орчим сая тонн юм.
Дорнодын ураны орд
Дорнодын ураны ордыг түшиглэн 1982-1988 онд “Эрдэс” уулын олборлох үйлдвэрийг хоёр сая тонн хүдэр олборлох хүчин чадалтайгаар байгуулж, төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, ус дамжуулах хоолой, ил уурхай, гүний малталтын хоёр уурхайн барилга байгууламж, орон сууцууд баригдсан. Дорнодын ордоос 1988-1995 онд 490,6 мянган тонн ураны хүдэр олборлож байжээ.
Олборлосон хүдрээ ОХУ-ын Чита мужийн Краснокаменскийн гидрометаллургийн үйлдвэрт хүргэн боловсруулдаг байсан аж. “Эрдэс” үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосны дараа түүний дэд бүтэц, материаллаг баазыг түшиглүүлэн ураны олборлолт явуулах зорилгоор АНУ, ОХУ, Монголын хамтарсан “Төв Азийн уран” компанийг байгуулсан боловч одоо хүртэл сэргээн босгож чадаагүй байна.
“Төв Азийн уран” компанийн хувьцааны 58 хувийг худалдаж авсан “Хан ресорсез” компани авсан байдаг. Цөмийн энергийн тухай хуулиар ураны лицензийг Цөмийн энергийн газар олгодог болсон. Энэ хуулийн дагуу шинэчилсэн бүртгэл хийсэн ч уг ордыг “Хан ресорсез” компанид лицензийг нь олгоогүй. Ингээд энэ ордын лицензын маргаан эхэлсэн.
Мардайн голын ураны орд
Уг орд нь Дорнод аймгийн Баяндун сумын нутагт оршдог. 1970 оноос Дорнод Монголд ураны судалгааны ажил хийж эхэлжээ. Тэгээд 1984-1988 онд нарийвчилсан хайгуул хийж, тухайн үеийн ханшаар нийт 10.33 сая рубль зарцуулжээ.
Тус орд ашиглахад дэд бүтцийн асуудлыг нэлээд шийдвэрлэсэн байдаг. Тухайлбал, Оросын Холбооны улсын Хар нуурын УЦС-аас Мардайн орд руу өндөр хүчдэлийн 110 квт шугам татжээ. Мөн 25 мегаваттын дизель цахилгаан станцтай юм. Үүнээс гадна үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний нүүрсээ 115 км-т байрлах Адуунчулууны уурхайгаас хангах боломжтой.
Тус орд 2351,9 мянган тонн юм. Ураны таамаг нөөц 3000 тонн гэдэг. Харин нэг тонн хүдэрт ураны агуулга 0,100 хувь хэмээн тооцдог. Мардайн орд 6761 га талбайтай.
Гурван булагийн ураны орд
Орд нь Дорнод аймгийн Баяндун сумын нутагт сумын төвөөс зүүн урагш 15 км-т оршдог. 1977-1981 онд урьдчилсан хайгуул хийжээ. 1979 оноос эхлэн нарийвчилсан хайгуулын ажил хийсэн. Энэ ажилд нийт 56.88 сая рубль зарцуулжээ. Орд нь хэмжээний хувьд том, нөөц өсөх боломжтой бөгөөд тухайн үедээ уурхайн ажиллах хугацааг 22 жилээр тооцож, техник эдийн засгийн тооцоо хийсэн байна. Гурванбулагийн орд 7254 га талбайтай.
Мардайн бүлэг ордын түүхийг товчлон харъя:
1978-1981 он: ЗХУ Дорнод аймагт ураны урьдчилсан хайгуул хийж, Мардайн ордын хүдэржилтийн хоёр бүсийг ялган нөөцийг С2 зэргээр тооцжээ.
1997 он: АНУ-ын хөрөнгө оруулалттай “Төв Азийн Уран” нэртэй компани Мардайн ураны уурхайн лицензыг эзэмшиж байв. Тус компанийн захирал Воллэс Мэйс гэгч нь Канадын “Хан Ресурс” компанитай хамтран ажиллахаар болсон ба үр дүнд нь “Төв Азийн Уран” компанийн хувь “Хан Ресурс” компанийн мэдэлд очжээ.
Лицензийн эрх шударга замаар “Хан Ресурс”-д очоогүй. Воллэс Мэйс гэгч нь мөрийтэй тоглоомд таван сая ам.доллар алдсан тул энэ өрөө “Хан Ресурс” компаниар төлүүлж лизензээ барьцаалсан мэдээлэл байдаг. Ингээд Воллэс Мэйс Мардайн ураны ордын хувьцааг өөрийнхөө “WM Mining” компани руу шилжүүлэх гэж оролдсон байдаг. Энэ талаар Канадын “CCN” мэдээллийн агентлаг мэдээлсэн байдаг.
2006 он: Арваннэгдүгээр сарын 13-нд Торонто хотод “Хан Ресурс” компани Воллэс Мэйс захиралтай “WM Mining” компаниас хохирлоо нэхэмжлэн Онтариогийн дээд шүүхэд хандав. Воллэс Мэйс гэгч нь “Хан Ресурс” компанид учруулсан 15 сая ам.долларын хохирлоо тус компанид эзэмшдэг өөрийн 18 сая ам.долларын үнэ бүхий хувьцаанаасаа төлж барагдуулсан гэдэг.
2006 он: ОХУ-ын Холбооны зөвлөлийн хурлын дарга С.Миронов “Монголын уран” гэсэн ном хэвлүүлсэн. Тэрбээр геологич байхдаа Монголын говийн аймгуудын нутгаар хайгуул хийж, ураны олон орд газрыг илрүүлсэн тухайгаа энэ номдоо бичсэн.
2007 он: Хоёрдугаар сард УИХ стратегийн ач холбогдол бүхий 15 орд газрын жагсаалтыг баталсан ба үүнд Мардайн орд багтав.
2008 он: Цөмийн энергийн газар байгуулагдав.
2009 он: УИХ тус оны долдугаар сард Цөмийн энергийн тухай хуулийг баталсан ба үүнтэй холбогдуулж “Мон-Атом” компанийг байгуулав.
2009 он: Наймдугаар сард Монгол Улс ОХУ-тай цөмийн энергийн салбарт хамтран ажиллаж, Орос-Монголын хамтарсан “Дорнод Уран” компанийг байгуулахаар тохиролцов.
2009 он: Шинэ байгуулагдсан “Мон-Атом” компанийн захирал Р.Бадамдамдин ажил үүргийн хувьд Цөмийн энергийн газрын хийх ёстой нэгэн гэрээг “Мон-Атом”-ын нэр дээр хийв. Энэ гэрээ “Мон-Атом” болон Мардайн ордын лицензыг эзэмшдэг гэх “Хан Ресурс” компанийн хооронд байгуулагдсан байдаг.
2010 он: Засгийн газар “Хан Ресурс” компанийн Мардайн ордыг эзэмших эрх, тусгай зөвшөөрлийг буцааж авсан. Ингээд тус компани Монголын Засгийн газрыг Олон улсын Арбитрийн шүүхэд өгсөн юм.
Улмаар Монголын Засгийн газар Олон улсын арбитрын шүүхэд дуудагдаж, хоёр жил дамнан үргэлжилсэн шүүх хурал эцэслэн шийдэгдэж, Олон улсын арбитрын шүүх “Хан ресурс” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, Монголын Засгийн газар Эрчим хүчний гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. “Хан ресурс”-т 80 сая ам.долларын хохирол учирсан гэж үзээд, дээр нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 2 хувь төлөх ёстой гэж шийдсэн байна. Түүнчлэн арбитр, өмгөөллийн зардал болох 9,1 сая ам.долларыг “Хан ресурс” ХХК-д бүрэн олгох шийдвэр гаргасан. Засгийн газар энэхүү шийдвэрийн дагуу 100 сая ам.доллар төлсөн юм.
Харин Мардайн ордын Хан ресурс компанийн эзэмшиж байсан лицензүүд Монголын төрд, Засгийн газрын мэдэлд үлдсэн юм.