Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь 4 багц ажлаас бүрдэж буй бөгөөд эхний буюу “EPC 01- Технологийн бус барилга байгууламжууд”-ын барилга угсралтын ажил 2024 оны 6-р сард бүрэн дуусч, байгууламжуудыг хэсэгчилсэн байдлаар улсын комисст хүлээлгэн өгсөн.
Өнөөдөр хамгийн сүүлийн буюу үйлдвэрийн усан хангамжийн системийг улсын комисс хүлээн авсан байна.
EPC 01 багц ажлын хүрээнд иргэний 9 барилга байгууламжууд (Оффис-сургалтын төв, агуулах, лаборатори, засвар механикийн төв, эмнэлгийн анхны тусламжийн барилга, гал командын барилга, ажилчдын хоолны газар, угтах байр-2), 89 км усны шугам хоолой болон ЦДАШ, дэд станц, газар доорх 30 мянган метр куб багтаамжтай нөөцийн резервуар бүхий ус хангамжийн систем, үйлдвэрийн талбайд цахилгаан, холбооны кабель болон технологийн шугам хоолой нэвтрэх 440 сувагчлал, 35 км ус зайлуулах систем, 17,5 км тусгай зориулалтын автозам зэрэг бүтээн байгуулалтууд хийгдсэн байна.
Уг багц ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “Kalpataru Projects International Limited” компани 2021 оны 1-р сараас барилгын ажлаа эхэлсэн бөгөөд цар тахлаас шалтгаалсан хөл хорио, тээвэр логистикийн хүндрэлтэй цаг үеийг даван туулж бүтээн байгуулалтын ажлаа ийнхүү дуусгаад байна. Барилга угсралтын ажилд монголын 40 орчим компани туслан гүйцэтгэгчээр ажилласан юм.
Одоо газрын тос боловсруулах үйлдвэрийн Анхдагч технологийн болон дагалдах байгууламжууд, үйлдвэрийн дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Энэ жил үйлдвэрийн талбайд гадаадын 1500 орчим инженер, мэргэжилтнүүд ажилласан байна.
Мөн үйлдвэрийг түүхий эдээр найдвартай хангах зорилготой газрын тос дамжуулах 530 км магистраль шугам хоолой барих болон халаах өргөх станцуудын барилгын ажил эрчимтэй явагдаж, өнөөдрийн байдлаар 514 км шугам хоолойг гагнаж, 300 гаруй км хоолойг газрын гүнд буулгаад байна.