“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 350 сая төгрөгийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар RXR-MC200BD загварын дэлбэрэлтээс хамгаалагдсан гал унтраах тагнуулын роботыг хүлээн авлаа.
Энэхүү робот нь галын аюул, ослын голомтод алсын удирдлагаар (хамгийн багадаа 1 км-ийн зайнаас) ажиллах бөгөөд гал түймэр гарсан байгууламжид байгаа дэлбэрэх бодис болон бусад аюултай биетийг илрүүлэх, галын нөхцөл байдлыг тодорхойлох, аврагчдын амь нас болон иргэдийн эд хөрөнгийг хамгаалахад зориулан ашиглагдана.
Мөн RXR-MC200BD робот нь секундэд 300 литр ус цацах чадвартай бөгөөд 16 цаг тасралтгүй ажиллах боломжтой.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн цөөнгүй төслийг санхүүжүүлж байна.
Тухайлбал, 2023 онд Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан” нисэх буудалд гал унтраах зориулалтын автомашин нийлүүлэх төслийг 497,0 сая төгрөгөөр санхүүжүүлсэн юм.