Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 600 мBт хүчин чадалтай цахилгаан станцыг барихаар төлөвлөж, эхний ээлжийн 150 МВт-ын зуухны анхны галлагааг өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн.
Гэвч өчигдөр буюу 2024.11.17-ны өдөр уг цахилгаан станцад гал гарчээ.
Энэ талаар “Цэцэнс Майнинг Энд Энержи” ХХК буюу “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-аас мэдэгдэл гаргасан байна.
“Монгол улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүт цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын зуухны анхны галлагааг 2024 оны 10 сарын 5-ны өдөр амжилттай эхлүүлсэн билээ. Үүнээс хойш цахилгаан станцыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах технологийн туршилтууд болох зуухны усан шахалт болон шингэн түлшний галлагаа, халах гадаргуугийн химийн угаалга, нүүрсэн галлагаа ба хурц уурын шугам хоолойн үлээлгэ, турбин болон генераторын тохируулга зэрэг бусад шаардлагатай технологийн туршилт, зүгшрүүлэлтийг цаг хугацаанд нь амжилттай хийж гүйцэтгэсэн.
Харамсалтай нь 2024 оны 11 сарын 17-ны өдрийн өглөөний 5 цагийн орчимд нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн C6 хэсэгт галын осол гарлаа. Галыг богино хугацаанд бүрэн унтраасан бөгөөд ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Энэхүү ослын улмаас төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшилж байгаад хүлцэл өчье. Галын ослоос гарсан хохирлыг богино хугацаанд засварлаж хэвийн үйл ажиллагаанд оруулахаар захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч Синостийл компанийн инженер техникийн ажилтнууд шуурхай ажиллаж байна.”