Түүнийг “Театрын Одноо” нэрээр нь бид андахгүй сайн мэднэ. Кино, дэлгэцийн бүтээлүүдэд ч оноосон дүрийг чамгүй сайн гүйцэтгэдэг нэгэн. Цог жавхаатай, дайчин, зоримог эмэгтэй гэж харц, инээд, дүрээ бүтээж буй харизм зэргээс нь бид дүгнэдэг. Олны хэлдгээр амжилттай яваа жүжигчин эмэгтэйн цаана бидний мэдэхгүй ямар нэгэн зүйл байгаа болов уу хэмээн сэтгэж дотоод сэтгэл рүү нь бага боловч өнгийхийг хичээлээ.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагын саналыг маань хүлээж авсанд баярлалаа. Яриагаа таны бага наснаас эхэлье гэж бодож байна. Бага байхдаа ямархуу хүүхэд байв?
-Та бүхэнд мөн үзэгч уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо ярихаар ихэнх хүн итгэдэггүй юм. Би маш удаан хүүхэд байсан. Маш удаан хоолоо иддэг, маш удаан хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Ямартаа л “За Одноод юм хариуцуулаад өгчихвөл мөд дуусахгүй ээ, энэ ирэхгүй ээ” гэдэг тийм л удаан хүүхэд байсан. Нийтэч, нээлттэй хүүхэд бас байгаагүй. Ер нь дотогшоогоо аливааг их удаан няхуур ажигладаг, уран зохиолын номыг шимтэн уншигч охин байлаа.
-Тэр дотогшоогоо охин яагаад урлагийн хүн тэр дундаа тайз, дэлгэцийн жүжигчин болъё гэж шийдсэн юм бэ? Их сонирхолтой санагдаж байна л даа.
-Багадаа ийм охин байсан гээд ярихаар “Хөөх Одноо чи тийм даруухан байсан юм уу? итгэхгүй байна” гэж хүмүүс их хэлдэг. Би одоо даруухны эсрэг галзуу болчихсон юм биш шүү дээ. Өөрийгөө бага зэрэг нээж, “задалсан” л байх тэрнээс уг үндсээрээ хүн өөрчлөгдөнө гэж байхгүй. Жүжигчин гэх мэргэжил сонгох болсон нь эргэн тойрон гэр бүлээс минь их шалтгаалсан. Бид чинь МУГЖ Улаанхүүгийн Осорын үр удам шүү дээ. Авга ах маань жүжигчин О. Бат-Өлзий, бэр эгч маань С.Сарантуяа. 10 жилээ төгсөх үеэр манай үеэлүүд болох Б.Тамир, Б.Хансүндэр нар бүгд жүжигчин болно гэж ярьдаг байлаа. Тэд нарыг жүжигчин болно гэж ярихад нь аав ээж нь их эсэргүүцдэг байсан. Би бас жүжигчин болно гээд хэлсэн чинь бүгдийнх нь нүд орой дээрээ гарсан. Тэгээд л биднийг хамаатнууд маань бэлдэж бид ч СУИС-ийн жүжигчний ангидаа тэнцсэн дээ. Надад бол жүжигчин болно гэж бодоход барчих юм шиг, чадчих юм шиг сэтгэлд багтаад байсан. Тэгээд л эргэлт буцалтгүй зүтгэчихсэн.
-Та жүжигчний мэргэжлээр тэр тусмаа УДЭТ-т жүжигчнээр 13 жил ажилласан. Энэ үед шантрах мохох үе байв уу?
-Байлгүй яах вэ. Залуу жүжигчний хувьд өөрийгөө голох, бусдад гологдох мэдрэмжийг цөөнгүй авч байлаа. Гэхдээ би энэ мэргэжлээр ажиллахаа больё гэж шантарч мохож бол үзээгүй ээ. Театрт нэг жүжиг тавихад, нэг диплом хамгаалсны дайтай судалгаа явуулдаг гэж манай найруулагч нар ярьдаг. Тэр бол яг үнэн. Тухайн үеийн орчин, эдэлж хэрэглэж байгаа зүйлс, тухайн үеийн хүмүүсийн сэтгэхүй гээд бүгдийг мэдэх шаардлагатай болдог. Бүх судлаач, эрдэмтэн, докторууд ирж бид нарт лекц уншдаг байсан. Одоо би театраас гараад 3 жил болж байна. Гэхдээ тайзны уран бүтээлээ би орхихгүй гэж боддог. Хүүхдүүд гараас гараад ирэхээр ээж хүн одоо ёстой бүхнийг хийнэ, чадна гэдэг шүү дээ. Яг тэр нь шиг хүүхдүүд нь маань одоо гараас гарч байна. Ийм боломж гараад ирэхээр сиймхий, зав зай бүрд би юу хийж болох вэ гэж л бодож эхэлдэг юм байна.
-Гэр бүлээ ярьсных та ер нь эхнэр хүний хувьд хосын харилцаандаа юуг илүү их бодож баримталдаг вэ?
-Эхнэр хүний хувьд би бие даасан тэгсэн мөртөө урдуур хойгуур нь гүйгээд байдаггүй эхнэр байхыг хичээдэг. Гэхдээ ер нь эхнэр хүн эрх байх ёстой юм байна лээ. Тэрнээс биш ээжийн оронд ээж байхыг эхнэр хүн гэж хэлэхгүй. “Ээжийн copy paste, эсвэл өөр хувилбарын ээж, урдуур хойгуур нь гүйдэг хүнийг эхнэр хүн гэхгүй ээ” гэж л боддог доо. Би одоо сэтгэл зүйчээр сурч байгаа. Тиймээс үүнийг улам ихээр ойлгож байна. Манай Монголын эмэгтэйчүүдийн үүрэг роль, өөртөө тээж байгаа ачаа бусад улсын эмэгтэйчүүдтэй харьцуулахад маш их. Үүнийг эмэгтэйчүүд бас өөрөө өөртөө бэлдэж өгдөг. Нөхрөө тэгж сургадаг гэдгийг анзаардаг болж байна.
-Та одоо юуг хүсэж, зорьж байна вэ? Ойрын үеийн зорилго карьер мөн хувийн амьдралын хувьд?
–Карьерын хувьд шат ахиад найруулагч, продюсер болохыг зорьж хүсэж байна. Хувьдаа бол хүсэж мөрөөдөж байгаа маш олон зүйл байна аа. Хамгийн ойрынх нь аягүй лаг карьер ярьж байснаа охинтой болоод гэртээ нам суумаар байна гэхгүй юу./инээв/ Хоёр хүүтэй болохоор охин харахаар хөөрхөн харагдаад хайр татаад байдаг юм.
-Таны ажилдаа, амьдралдаа баримталдаг гол зарчим юу вэ?
– Аливаа ажил эсвэл дүр том жижиг байх нь хамаагүй надад даатгасан ажил байх л юм бол би түүнд чин сэтгэлээсээ хандаж хамгийн сайнаараа гүйцэтгэхийг хичээдэг.
–Ярилцлага маань энэ хүрээнд өндөрлөж байна. Та үзэгч болон уншигчдад маань зориулаад яриагүй үлдээсэн эсвэл хэлэхийг хүссэн зүйл байвал хэлж болно оо?
-Би бол жүжигчин мэргэжилтэй энгийн нэгэн ээж, эмэгтэй Одончимэг. Жүжигчин мэргэжлээр ажиллаж байгаа боловч ахуйн амьдралдаа зориулагдан бие сэтгэхүйгээ хоёр гурав хувааж байгаа тийм л эмэгтэй. Тэр талаас нь үзэгчид маань энгийн сайхан ярилцлагыг маань хүлээн авч үзэж, уншаасай гэж бодож байна