Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 16-ны олон түмэндээ “Мээтэн” хэмээн алдаршсан 1927 оны улсын наадмын түрүү бөх Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат улсын арслан О.Аюурын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болов.
Өнөөдрийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын аварга О.Хангай түрүүлж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэв.
Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоо болон Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Л.Батчулуун нар үлдэв.
Ташрамд дурдахад Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай өнөөдөр ээлжит түрүүгээ хүртсэнээр 36 түрүү, 15 үзүүртэй болов.
Ингэснээр тэрбээр “Монгол Бөхийн Өргөө”-д нийт 51 удаа түрүү булаалдав.