Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран “ТОП-100” ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгууллаа. “ТОП 100” ААН-ийг эрэмбэлэхэд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран ажилласан юм.
2023 оны ТОП-100 ААН-ийг “Оюу Толгой” компани тэргүүллээ.
Ингэснээр тус компани сүүлийн хоёр жил дараалан ТОП-100 жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна.
Монгол Улс 2023 онд 21.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 6.29 их наяд буюу 29 хувийг нь ТОП-100 аж ахуйн нэгж бүрдүүлсэн гэжээ. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний (68.9 их наяд) 73%-ийг (50.4 их наяд) бүрдүүлжээ.
ТОП-100 аж ахуйн нэгжид манай улсын нийт ажиллагсдын 7 хувь буюу 83.7 мянган хүн ажилладаг гэж мэдээллээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн оруулж буй хувь нэмэр 2023 онд өссөн үр дүнтэй байна.
ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 11.4 их наяд төгрөгөөр өсөж 50.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйж байна. Харин төлсөн татварын хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 29 хувь болж байгаа аж. Дээрх компаниудад ажиллагсдын тоо 83.7 мянга буюу нийт ажлын байрны 7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 1 хувиар өссөн байна.
ТОП 100 аж ахуй нэгжийн 89 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 14 нь хувьцаат компани байна.