Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Татварын ерөнхий газарт ажиллалаа
Тус газар татварын бодлого, хууль тогтоомжийн сургалт сурталчилгаа, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, орлого бүрдүүлэх гэсэн чиглэлээр ажилладаг. Татвар төлөгчтэй харилцах ажлыг цахимжуулсан.
Цахимжилтыг эрчимжүүлэхэд илүү анхаарч ажиллаж байгааг Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн танилцууллаа. Татварын хуулийн шинэчлэлийн өмнө жилд 5000-6000 татвар төлөгчийг хяналт шалгалтад хамруулдаг байсан бол 2023,2024 онд 1500-2000 болж гурав дахин буурсан гэв.
Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 158 мянган аж ахуйн нэгж бий, тэдгээрийн орлогын 10.1 хувийг татвар эзэлж байгаа нь бүс нутагтай харьцуулахад өндөр тоо биш. 212 төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгчид эдэлдэг.
Татвар төлөгчдийн илүү таатай ажиллах нөхцөлийг судалж байгаа. Хариуцлагатай татвар төлөгчийг урамшуулах бодлого нэвтрүүлнэ.
Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу бүсийн ялгаатай татвар тогтоох ажлын судалгааг хийж байгаа гэв.
Татварын ерөнхий газрын албан хаагчид Ерөнхий сайдад саналаа хэллээ. НӨАТ-ыг сар бүр авч байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулдаг талаар санал хүсэлт их ирдэг.
Түүнчлэн Эрүүгийн хууль дахь татвар төлөхөөс зайлхийсэн гэдэг зүйл заалтыг өөрчлөх, мөн татвартай холбоотой Засгийн газрын зарим тогтоол журмыг шинэчлэх шаардлагатай гэдгийг тэд хэлж байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэднийг саналыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийлээд татварын реформ хийх ажлын бэлгэл хангахыг үүрэг болгов.
Татвараар төсвийн орлогыг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаас илүүтэй татварын бааз суурийг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгох, хандлагын өөрчлөлт хийхэд татварын реформ чиглэх ёстойг хэллээ.
Эx Сурвалж: Монгол Улсын Засгийн Газар